Л.Оюун-Эрдэнийн засгийн газрыг сул биш хүчтэй харагдуулах улс төрчид түлхүү орох ёстой гэдэг шаардлагыг МАН-ын удирдах зөвлөл баримталсан байна. Тэр дундаа ЗГХЭГ-ын даргаар гишүүдийг базчих, бас нөлөө ихтэй улс төрч ажиллах нь зөв гэдэг дээр МАН-ын удирдлага удтал зөвлөлдсний эцэст тохирчээ.
Уг нь ЗГХЭГ-ын даргаар УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал ажиллана гэх явган яриа МАН-ын гишүүдийн дунд гараад байсан юм. Учир нь О.Батнайрамдал нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй тун ойр нэгэн бөгөөд энэ ч үүднээсээ Ерөнхий сайдын гал тогоог манана гэх таамаг явж байлаа. Гэвч О.Батнайрамдал нь улс төрчийн хувьд гишүүдэд хүлээн зөвшөөрөгдөөгүй. Мөн УИХ-ын гишүүн биш. Дээр нь танхимд нь багтах сайд нараа зангидаж дөнгөхгүй гэдэг үүднээс МАН-ын дарга болон удирдах түвшнийхэн эсэргүүцсэн гэдэг мэдээлэл байна.
Ингээд удтал зөвшилцөж, зөвлөлдөж ярилцсны эцэст ЗГХЭГ-ын дарга, Монгол улсын сайдаар Ц.Нямдоржийг ажиллуулах нь зөв гэдэг байр суурин дээр МАН-ын удирдах зөвлөл хүрсэн гэдэг мэдээлэл байна. Ц.Нямдорж нь аль ч утгаараа засгийн газрын бүрэлдэхүүнд багтсан сайд нараа базчихана. Мөн УИХ-ын гишүүдийн айлгалт, сүрдүүлэгт огт өртөхгүй, нөлөөлөлд автахгүй ажиллах боломжтой гэдэг дээр санал нэгджээ.