УИХ-ын чуулганаар Засгийн газрын гишүүдийг танилцуулж, тангараг өргүүлэх хуралдаан үргэлжилж байна. Уг хуралд Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдад нэр дэвшсэн Л.Энх-Амгалан салбарынхаа бодлогын талаар гишүүдэд танилцуулж байна.
Л.Энх-Амгалан: Боловсролын салбарт ажиллаж байгаа багш, ажилчдын үнэлэмж, нийгмийн хамгааллын асуудал бий. Монгол Улсад цэцэрлэгийн насны буюу сургуулийн өмнөх насны 247 мянган хүүхэд, 30 мянган багш, ЕБ-ын 839 сургууль 686 мянган хүүхэд суралцаж, 34 мянган багш ажиллаж байгаа гэсэн тоо байна. Их, дээд сургуульд 147 мянган оюутан суралцаж, 70 мянган багш ажиллаж байна, МСҮТ-д 37 мянган оюутан суралцаж 2000 багш ажиллаж байгаа. Би ажлаа аваад нэг л зүйлийг хийх гэж үзье гэж бодож байна. Боловсролын салбарын тогтолцооны асуудлыг тогтолцоогоор нь нэг харах ёстой. Улсын төсвийн нийт зарлага 13.9 их наяд төгрөг. Үүнээс зардал 10 их наяд төгрөг байгаагаас боловсролын салбарт 1.7 их наяд төгрөгийг зарлагдаж байгаа юм. Энэ тоог харьцуулахаар зардал нь 15.8 хувь гээд дэлхийн дундажтай дүйцэж байгаа юм. Гэтэл нэг хүүхэд, нэг сурагчид ногдож байгаа зардал 517 мянган төгрөг байгаа юм. Энэ дэлхийн дунджаас хамаагүй бага байгаа. Боловсролын салбарт ирж байгаа 1.7 их наяд төгрөгийн 85 хувь нь урсгал зардалдаа зарцуулагдаад байгаа юм. Уг нь урсгал зардалд бус гол нь сургалтын хөтөлбөр, багш нарын цалин, нийгмийн хамгааллын асуудал явах учиртай гэж би ойлгодог. Тиймээс хамгийн түрүүнд боловсролын салбарын санхүүжилтийн ужгирсан тогтолцоонд үнэлэлт дүгнэлтүүд хийнэ. Мөнгө хүүхдэдээ, багш нартаа очих ёстой. Ийм бага үнэлгээтэй, цалин нийгмийн хамгаалал нь хангагдаагүй хүмүүсээс ямар бүтээмж, ямар ур чадвар нэхэх вэ. Тогтолцоогоор нь харж өөрчлөх зайлшгүй шаардлага байна.