Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төр булаан авах шийдвэрийг УИХ гаргачихсан. Энэхүү шийдвэрийнхээ хүрээнд Оросын “Ростех” компанитай хэл амаа ойлголцох үүрэг Засгийн газарт оногдоод байна. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хаягласан “Ростех” компанийн Ерөнхий захирлын захидал бий. Үүнд компанийх нь нэр хүндэд Монгол Улсын халдахгүй байхыг анхааруулсан билээ.
Гадаад харилцааны сайд Орост айлчлал хийгээд байгаа билээ. Энэхүү айлчлалынхаа хүрээнд “Ростех” компаний ерөнхий захиралтай Монгол Улсын гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил уулзах хүсэлт гаргасан байна. Харин тэрхүү хүсэлтийг нь Оросын Ростех компанийн удирдлага хүлээн аваагүй гэсэн мэдээлэл гараад байна. Тэгэхээр Оросын Ростех компанийнхан Монгол Улсын Засгийн газрыг үл хүндэтгэн үзэж байгаа гэсэн үг. Тэд хувийн хэвшлээ нухчин дардаг Төрийг хүлээн авахгүй гэсэн боловсон анхааруулгыг өгчихлөө гэхэд болно.
Ирэх сарын эхээр Орост Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх очих сураг бий. Үүний дараа Орос улсад Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат айлчлах мэдээлэл гараад байна. Энэ бүхэн нь бүгд л Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг шууд төр авах боломжийг эрэлхийлэхэд зориулагдсан. Харин энэхүү ойлголтыг Монгол Улсын засгийн газар Оросын Ростех компанид өгч чадах эсэх нь эргэлзээтэй хэвээрээ байна. Ер нь бол Оросын Ростех компани Эрдэнэтийн 49 хувийг “Монголын зэс” компанид зарсан. Тэдэнтэй л яриа, хэлэлцээрт хүрсэн. Иймд Монгол Улсын засгийн газартай харилцах хүсэлгүй байгаа бололтой.