“COVID-19”-ийн тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор иргэдийн хөдөлгөөнийг бүртгэж буй технологийн шийдлүүд нь хувийн мэдээлэл хамгаалж чадаж буй эсэх нь анхаарлын төвд байна.
Хүний эрхийн үндэсний комисс "QR код уншуулах буюу “E-Barimt” системд суурилсан бүртгэл нь хүний халдашгүй, чөлөөтэй байх, хувийн нууцаа хамгаалуулах эрх зөрчигдөх эрсдэлийг үүсгэсэн" гэж үзэж Улсын онцгой комисст шаардлага хүргүүлээд байгаа юм.
Үүний дараа Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар тайлбар гаргасан байна. Тухайлбал: "E-Barimt аппликейшнд нэвтэрч орохоос өмнө QR кодыг уншуулахаар программчилсан. Өөрөөр хэлбэл тухайн хүний регистр болон дансны дугаар, нууц код гэх мэтчилэн хувийн мэдээлэлтэй нь холболгүй, зөвхөн гар утасных нь ID, байршил тодорхойлсон QR кодыг бүртгэж байгаа. Тухайн иргэний хэн бэ гэдэг мэдээллийг авахгүй. Ямар нэг байршлаар зорчсон хүн халдвартай болох нь шинжилгээгээр батлагдсан бол түүгээр явсан иргэдийг тогтоож, шинжилгээ өгөөрэй гэдэг мэдэгдлийг тухайн гар утас буюу төхөөрөмжийн ID-д тулгуурлан E-Barimt аппликейшнээр хүргэж байна" гэж тайлбарласан юм.
Өнөөдрийн байдлаар 154 мянга гаруй байгууллага байршил тогтоох буюу QR код үүсгэж, хоёр сая 160 мянга орчим удаа иргэд QR код уншуулаад байна.