Г. Төмөрзаяа: Орчин цагийн дижитал эрин зууны хүүхдүүд багаасаа мэдээлэл технологи, компьютерын хэлээ мэддэг байх хэрэгцээ үүсэж байна

Г. Төмөрзаяа: Орчин цагийн дижитал эрин зууны хүүхдүүд багаасаа мэдээлэл технологи, компьютерын хэлээ мэддэг байх хэрэгцээ үүсэж байна

Ерөнхий боловсролын “Нэст Эдүкэйшн” сургуулийн Бага сургууль хариуцсан захирал Г. Төмөрзаяа: Орчин цагийн дижитал эрин зууны хүүхдүүд багаасаа мэдээлэл технологи, компьютерын хэлээ мэддэг байх хэрэгцээ үүсэж байна.

Мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай Ерөнхий боловсролын “Нэст Эдүкэйшн” сургууль нь энэ жилээс эхлэн бага ангийн элсэлт авч, бүрэн дунд сургууль болон өргөжжээ. Бага сургуулийн захирлаар Г. Төмөрзаяа багш томилогдсон бөгөөд элсэлтийн талаарх ярилцлагыг хүргэж байна.

-“Нэст Эдүкэйшн” сургууль бага ангийн хүүхдүүдийг элсүүлж, өргөжиж байгаад нь сургуулийн сурагчид болон эцэг эхчүүдийн өмнөөс баяр хүргэе!

-Баярлалаа. Мэдээлэл технологи, виртуал орчин, компьютерын шинжлэх ухаан дэлхий дахинаа өдрөөс өдөрт хөгжин, дэвшиж буй энэ зуунд манай сургууль хүүхдүүдийг энэ салбарт арван жилээс нь эхэлж мэдлэгжүүлж, мэдээлэл технологид дурлуулж, сургаж байгаа нь, мөн энэ салбартаа хамгийн анхны сургууль гэдэг нь маш бахархууштай зүйл юм. Сургууль байгуулагдаад жил гарны нүүр үзэж байгаа ч, энэ хугацаанд 400 гаруй хүүхдүүдийг чадвартай, залуу багш нарын дор сургаж, энэ жилээс эхэлж бага ангийн хүүхдүүдийг элсүүлэх болсонд хувийн зүгээс баяртай байгаа.

-Бага насны хүүхдүүдийг 1-р ангиас нь эхэлж мэдээлэл зүй, компьютерт сонирхолтой болгох хэрэгтэй гэсэн нь эцэг эхчүүдийн анхаарлыг их татаж байгаа байх. Энэ талаар та бага насны хүүхдүүдтэй харьцдаг багш хүний хувьд хэрхэн дүгнэж байгаа вэ ?

-Эцэг эхчүүдийн зүгээс хүүхдийг ийм багаас нь хэрхэн код бичиж, компьютер дээр ажиллаж сургах юм бол, мөн яг ямар шаардлагатай юм бэ гэсэн эргэлзээ төрж байж магадгүй. Мэдээж ийм насны хүүхэд насны онцлогоосоо шалтгаалж юу юугүй код бичээд, тоглоом юм уу ямар нэгэн веб сайт бүтээгээд явахгүй нь ойлгомжтой. Харин тэгж чаддаг болтлоо буюу өөрөөр хэлбэл дунд ангид ортлоо хичээлээ үзэх явцдаа аливаа асуудал, үйл явдалд дүн шинжилгээ хийж сурах, аливаа зүйлийг аль болох бүтээлчээр сэтгэж мөн шинжлэх ухаанчаар харж хандах, хамгийн чухал нь компьютер гэдэг зүйл тодорхой дэс дараа, програмын дагуу ажилладаг шиг хүүхдэд ч гэсэн асуудалд эмх цэгцтэй, дэс дараатай ханддаг зан чанаруудыг багаас нь төлөвшүүлж суулгах нь багш бидний эрхэм зорилго байгаа юм. Энэ зан чанарууд хүүхдэд багаасаа суух нь цаашид суралцах, нас биед хүрч бие хүн болон төлөвшихөд нь маш чухал нөлөө үзүүлдэг учраас үүн дээр бид маш нухацтай хандаж, хичээлийн хөтөлбөрүүдээ бэлтгээд дуусгасан байгаа. Илүү тодруулбал, тоглоомын болон танин мэдэхүйн аргаар хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, асуудлыг олон талаас нь харж шийдвэрлэх, шийдсэн асуудлаа эмх цэгц, дэс дараатайгаар ойлгуулан илэрхийлж чаддаг байхад алхам алхмаар суралцана.

-Хэдэн бүлэг, хэдэн сурагчдыг элсүүлж байгаа талаараа эцэг эхчүүдэд мэдээлэл өгөхгүй юу ?

-Нэгдүгээр ангидаа дөрвөн бүлэг эхний ээлжинд бэлтгэсэн байгаа. Багш нар дундаа ялангуяа бага ангийн багш хүүхэд бүртэй тулж харилцах, тэдний насны онцлог зэргээс хамаарч хүүхдүүдийг маш сайн сонсож, мэдрэх шаардлагатай байдаг учраас нэг ангид дээд тал нь 24 хүүхдээр тооцоолж бэлтгэсэн. Хүүхдэд үлдэх чанар, үр өгөөж хамгийн чухал учраас цөөн хүүхэд бүртгэж байгаа. Яваандаа хүний нөөц багш нараа сайн бэлтгээд олон хүүхдэд хүртээмжтэй байхыг зорьж байна. Хүүхдүүд маань бэлтгэл ангийн хичээлдээ 4-р сараас суралцах боломжтой байгаа.

-Бага ангид суралцахаар элсэн орж буй 5, 6 настнуудын сэтгэл зүй, зан характерын онцлог хэрхэн ажиглагддаг вэ ? Энэ насны хүүхдүүдтэй эцэг эхчүүд энэ тал дээр юу юуг тодорхой анхаарах хэрэгтэй бол ?

-Хүүхдүүд, за ялангуяа орчин цагийн энэ насны хүүхдүүдийг бидний бага шиг хоосон цээжлүүлэх, өөрийн үйлдлийг даган дуурайлгах гэж хичээх “Номхон суу, томоотой бай” гэж хэлэх биш аль болох хүүхдийнхээ юунд дуртай, юунд илүү анхаарал нь төвлөрч, сонирхлыг нь татаж байгааг анзаарч түүнийг нь цааш хөгжүүлэхэд нь тусалж, авьяас билгийг нь хамтдаа нээн илрүүлэх нь их чухал. Ямар нэгэн онцлог, авьяасгүй хүүхэд гэж нэг ч байдаггүй. Үүнийг нь олж харж, илрүүлж чадаагүй эцэг эх, багш л гэж байдаг. Тийм учраас багш хүний хамгийн чухал үүрэг болох энэ чадварыг хүүхэд тус бүрээс олж харж, мөн бусад залуу багш нартаа ч үүнийг ойлгуулж, нэг зүгт харах нь манай сургуулийн эрхэм зорилгуудын нэг юм. Багш нар маань эртнээс энэ тал дээр сайн бэлтгэгдэж, зүгээр нэг 9 сараас ямар нэгэн багшийг ажилд аваад тавихаар бэлдээгүй учраас энэ тал дээр багш хүний үүрэг, хариуцлагаа сайн биелүүлж чадна гэдэгт бид бүрэн итгэлтэй байгаа. Түүнчлэн мэдээж хэрэг эцэг эхийн зүгээс хүүхдээ сургуульд орж, цоо шинэ орчин, шинэ харилцаанд ороход нь анхаардаг зүйлүүд болох тухайн сургуулийн сургалтын хөтөлбөр, хүүхэдтэй минь харилцах багш яг хэн юм, ямар орчинд суралцах юм гэсэн асуултуудад бодитоор хариултыг нь харуулж чадах орчин, нөхцөл, хөтөлбөрүүдийг бид бэлтгэсэн байгаа юм.

-Танд нэмж хэлэх зүйл байгаа бол энэ боломжийг үлдээе ?

-Сургалтын хөтөлбөр маань энэ насны хүүхдүүдийн нас сэтгэхүйн онцлог, ирээдүйд хувь хүн болж бэлтгэгдсэн байдал буюу яг хүний хувьд сэтгэл зүрхний болон оюун ухааны боловсрол нь эн тэнцүү байж байж л хүүхэд ирээдүйд илүү аз жаргалтай, амжилттай хүн болох учраас энэ боломжуудыг хангасан хөтөлбөрүүд маань хэдийнээ бэлтгэгдээд, батлагдсан байгаа юм. Түүнчлэн энэ жил сургууль маань зөвхөн бага ангийн хүүхдүүдээ элсүүлээд зогсохгүй сургуулийн байраа хотын төвдөө болгож, хүүхдүүддээ илүү ойртож мөн Монголын хамгийн анхны өндөр шагналын сан бүхий Улсын мэдээлэл зүй, програмчлалын Hackateen олимпиадаа 2 дахь жилдээ зохион байгуулахаар оролцогчдын бүртгэл явагдаж эхэлснийг мөн давхар дуулгаж байгаадаа баяртай байна. Сургуультай холбоотой албан ёсны мэдээ мэдээллүүдийг эцэг эхчүүд, хүүхдүүд маань цаг тухайд нь сургуулийн албан ёсны фейсбүүкинстаграм хуудсаар болон веб сайтаас хүлээн авах боломжтой байгаа юм.

-Баярлалаа. Таны цаашдын хүүхдийн төлөө хийж буй оюуны болон сэтгэл зүйн хөрөнгө оруулалтын ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе !


FB: Nest education high school

Instagram: nest_high_school

Web: nhs.edu.mn