"Хавдартай тэмцэх дэлхийн өдөр" өнөөдөр (2021.2.4) тохиож байна. Монгол Улсын хэмжээнд 2019 онд хорт хавдрын шинэ тохиолдол 6045 бүртгэгдсэн нь сүүлийн 10 жилийн дунджаас 734-өөр, өмнөх оноос 232-оор тус тус нэмэгдсэн үзүүлэлт юм. Энэ мэтчилэн хорт хавдрын тохиолдол, уг өвчнөөр нас барах иргэдийн тоо жил ирэх бүр нэмэгдсээр байгаа нь харамсалтай.
Монгол Улсын хүн амын нас баралтын хоёр дахь шалтгаан нь хавдар болоод байгаа билээ. Иймээс иргэд хорт хавдраас сэргийлэх энгийн аргуудыг амьдралдаа хэвшүүлэх нь зүйтэй. Тухайлбал:
Тамхи: Тамхи татахгүй, эргэн тойрны хүмүүсийг тамхиар хордуулахгүй байснаар өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ хорт хавдраар өвдөхөөс урьдчилан сэргийлж чадна. Уушгины хорт хавдрын 90% тамхинаас үүдэлтэй байдаг. Тамхины хуулийн хэрэгжилтэд иргэн бүр хяналт тавьж, өөрийгөө болон бусдыг дам тамхидалтад өртөхөөс хамгаалах шаардлагатай.
Архи: Архи байнга хэрэглэдэг хүнд ам, залгиур, улаан хоолой, бөөр, элэг болон хөхний хорт хавдарт өртөх эрсдэл их байдаг.
Эрүүл хоол хүнс: Хоол хүнсэндээ хүнсний ногоо, жимсийг зонхилуулж, аль болохоор бүхэл үрийн үр тарианы зүйлс хэрэглэхийг эрхэмлэх, махны хэрэглээг тохируулж, амьтны гаралтай өөх тосны хэрэглээг багасгах зэрэг нь хавдар үүсэх эрсдэлт хүчин зүйлсээс сэргийлэхэд тус болно. Мөн чихэрлэг ба хийжүүлсэн ундааг хязгаартай хэрэглэж, эрүүл хооллолтын ГЭР зөвлөмжийг хэвшүүлэх хэрэгтэй. Өөх тос ихтэй хоол хүнс нь илчлэг ихтэй бөгөөд илүүдэл жинтэй болох, эсвэл таргалахад нөлөөлж хөх, бүдүүн шулуун гэдэс, улаан хоолой, бөөрний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Илүүдэл жин: Шууд хавдарт нөлөөлөхгүй боловч хавдрын эсийн өсөлтийг идэвхжүүлэх нөлөөтэй байдаг. Хөх, түрүү булчирхай, шулуун гэдэс, уушги болон бөөрний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тиймээс дасгал хөдөлгөөн хийж, хэвийн жингээ хадгалах нь хорт хавдраас гадна бусад өвчин эмгэгээс сэргийлэх боломжтой. Насанд хүрсэн хүн өдөрт 30 минут, эсвэл түүнээс дээш хугацаагаар, хүүхэд өсвөр насныхан өдөрт 60 минутаас багагүй хугацаагаар идэвхтэй хөдөлгөөнтэй байхыг хичээх хэрэгтэй.
Нарны хурц тусгал: Нарны хортой туяа нь түгээмэл тохиолддог арьсны хорт хавдрыг үүсгэдэг. Үүнээс сэргийлэхийн тулд өглөөний 10-аас оройн 4 цагийн хооронд аль болох нарны хурц цацрагаас хол, гадаа гарахгүй байх хэрэгтэй. Зуны цагт наранд гарахдаа нарнаас хамгаалах тос, түрхлэг түрхэж, малгай, нүдний шил хэрэглэж хэвших, аль болох даавуун цайвар өнгийн хувцас өмсөх нь зүйтэй. Мөн эмэгтэйчүүд арьсаа борлуулах зорилгоор салонд шарлага хийлгэх нь нарнаас ч илүү аюултай гэж үздэг.
Дархлаажуулалт: Хепатит В вирус нь элэгний хорт хавдар үүсэх эрсдэл бий болгодог. Нярай хүүхэд бүрийг амаржих газарт байхад нь элэгний В вирусийн халдварын эсрэг вакцинжуулалтад хамруулах хэрэгтэй. Мөн хүний папиллома вирус /HPV/ нь умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг бэлгийн замаар халдварладаг вирус юм. HPV вирусээс болж үүсдэг хорт хавдраас сэргийлэх вакцин байдаг. Үүнд 10-14 насны охидыг хамруулснаар ирээдүйд умайн хүзүүний хорт хавдраас тэднийг хамгаална.
Эрт илрүүлэг: Монгол Улсын хувьд халдварт бус өвчний нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болж буй хорт хавдрын асуудалд онцгой анхаарч, хүн амын дунд зонхилон тохиолдож буй хорт хавдрыг эрт илрүүлэх чиглэлээр Эрүүл мэндийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай тус тус хуульд өөрчлөлт оруулан, 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхлээд байна. Уг хуулиар:
- 40-өөс дээш насны, элэгний В, С вирус тээгч, элэгний архаг үрэвсэл, хатууралтай иргэнийг элэгний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд 1-2 удаа,
- 40-өөс дээш насны иргэнийг ходоод, улаан хоолойн хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд 1 удаа,
- 30-60 насны эмэгтэйг умайн хүзүү, хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд 3 жилд 1 удаа,
- 50-аас дээш насны иргэнийг уушгины хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд 1 удаа,
- 50-аас дээш насны иргэнийг бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хоёр жилд 1 удаа эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй хамрагдах боломжтой болсон.