У.Хүрэлсүх МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ

У.Хүрэлсүх МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ

Энэ яриа МАН-ын бага хурлын гишүүдийн дунд дүрэлзэж байна. Ногоон гэрлээр МАН-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэсэн яриа байсан ч талаар болж байгаа бололтой. Шадар сайд У.Хүрэлсүхийн хувьд угаасаа намдаа нөлөө бүхий эрхэм. Засгийн газрын тэргүүн нь У.Хүрэлсүхийн хажууд жулдах болсон. Иймээс ч түүний хувьд Ерөнхий сайдын хажууд ажил хийдэг болж харагдаад байгаа. Шадар сайдын цаг гэсэн нэвтрүүлгийг олон телевизээр цацах болов.

Мөн Бичин жилийн өвөлжилт хэмээх баримтат нэвтрүүлгийг У.Хүрэлсүхийг товойлгох, хөдөө орон нутгийн иргэдийн итгэлийг олох зорилготой бэлтгэжээ. Энэ бүхэн нь У.Хүрэлсүх гэдэг эрхэм зөвхөн Шадар сайдын алба хашаад чимээгүй явахгүй гэдгийг баталгаа. Үүний зэрэгцээ түүний хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх битүүхэн бэлтгэлийг нам дотроо эртнээс базааж эхэлсэн гэдгийг учир мэдэх хүмүүс уулзаж ярилцаад эхэлжээ. У.Хүрэлсүхийн хувьд хэрэв өөрөө хүсэх юм бол Ерөнхийлөгчид нэр дэвших эрхийг намаасаа өвөртлөх бүрэн боломжтой. Бага хурлын гишүүдийн олонх нь М.Энхболдын талынх ч гэсэн, цагаа тулаад урвалт шарвалтыг хийх юм бол У.Хүрэлсүх гараад ирэх магадлал маш өндөр.

У.Хүрэлсүхийн хувьд Ерөнхийлөгчид нэр дэвших эрхийн төлөө эцсээ хүртэл зүтгэнэ. Хэрэв нэрээ татахаар бол сүүлийн мөчид М.Энхболдод найр тавина гэсэн яриа хэлэлцээрийг хүрээллийнхэндээ хэлээд эхэлсэн мэдээлэл байна. Хэрэв М.Энхболд гуйсан нөхцөлд намын эрх мэдлийг мань хүн авахаар тохирч буулт хийх бололтой. Тэгсэн нөхцөлд У.Хүрэлсүхийн хувьд Ерөнхий сайдын суудалд сууна. Намын дарга болно гэсэн үг. Тэгэхээр Засгийн газрыг энэ жилдээ багтаан огцруулах тооцоог ч мань хүн хийж байгаа дуулдана. У.Хүрэлсүхийн хувьд энэ хаврын МАН-ын улс төрийн халуун цэг нь байх нь гарцаагүй. М.Энхболдоос МАН-ынхан салахын тулд заавал Ерөнхийлөгчид нэрийг нь дэвшүүлж дэвшүүлэн явуулах. Ийм аргыг хэрэглэх хүсэлтэй нь олон. Харин үүний хажуугаар олны хүслийг талаар болгох эрхэм нь У.Хүрэлсүх. Тэр хүсэх юм бол Ерөнхийлөгчид нэр дэвшинэ. Эс хүсвэл намын дарга болно гэсэн 2 сонголтойгоор хаврын улс төрийг бужигнуулах төлөвтэй байна.

У.Хүрэлсүхийн намтар

Ухнаагийн Хүрэлсүх Улаанбаатар хотын унаган иргэн. 1968 онд төрсөн, 49 настай  Эхнэр, хоёр охины хамт амьдардаг. Түүний эцэг Ж.Ухнаа МУИС-ийн авто баазад жолоочоор ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан онц тээвэрчин. У.Хүрэлсүх нийслэлийн хоёрдугаар дунд сургуулийг дүүргэжээ. 1989 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль (Батлан хамгаалахын их сургууль)-ийг улс төрийн ажилтнаар төгссөн. Монголын ардын армийн 152 дугаар ангид улс төрийн орлогчоор ажлын гараагаа эхэлсэн. МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтнаар ажиллаж байсан. Тэрбээр Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт, 2000 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль төгссөн, улс төрийн шинжлэх ухааны магистр цолтой. УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд зөвлөхөөр ажиллаж байгаад 1996-1997 онд МАХН-ын дэргэдэх "Залуучууд-хөгжил" төвийн ерөнхий захирлын алба хашиж явсан. Тухайн үед Ард банкнаас 150 гаруй сая төгрөг зээлдэж банк дампуурахад зээлээ төлөөгүй хэмээн саяхныг болтол шүүхээр асуудлаа шийдүүлж явсан.
1997-1999 онд Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр ажилласны дараа УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд Нийгмийн бодлогын зөвлөх болсон. 2000 оноос хойш УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгогдон ажиллаж
 байна. Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдын албыг богино хугацаанд хашсан. Одоо 2006 оноос хойш Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайдаар ажиллаж байна. МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн. Ерөнхийлөгч Н.Энхбаярын фракц гэгдэж явсан бол энэ онд Ерөнхийлөгчтэй "дайн" зарлаж "од" болоод амжсан. Намаасаа тусгаарлах оролдлого гэж хэлж болох Зүүний хүчний холбоог байгуулан тус холбооныхоо Ерөнхийлөгчийн сонгуульт ажилтай.