АН-аас Э.Бат-Үүл Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр ажиллаж эхэллээ

АН-аас Э.Бат-Үүл Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр ажиллаж эхэллээ

Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх сонирхолтой олон хүн бий. Нэгд Р.Амаржаргал. УИХ-ын гишүүн асан. Ерөнхий сайд асан түүний хувьд багийн тоглолт муутай. Гар хөл гэх хүн байхгүй. Энэ талаараа дэмжлэг сул. Гэхдээ Ардчилсан намын даргаар сонгогдсон С.Эрдэнэ түүнийг дэмжиж байгаа гэсэн мэдээлэл бий.

Ц.Элбэгдоржоос дэмжлэг авна гэсэн хүлээлт байсан ч талаар болсон. Нийслэлийн Ардчилсан намаас хариуцлага хүлээж буучихсан. Фракц гэх дэмжлэг сул бас нэг эрхэм бол Э.Бат-Үүл. Түүний хувьд намынхаа эгэл жирийн гишүүдийн дэмжлэгт найдаж байгаа нь гарцаагүй. Э.Бат-Үүл өнгөрсөн 4 жил Нийслэлд маш сайн ажилласан. Үүнийг өөрийн нам битгий хэл өрсөлдөгч намынхан нь хүлээн зөвшөөрч байгаа. Гагцхүү тэр өнгөрсөн 4 жил хийсэн ажлаа зөв үнэлүүлж чадаагүй нь харамсалтай. Хямралын шуурганд өртчихсөн гэхэд болно. Уг нь Нийслэлд Э.Бат-Үүлийн толгойлсон Ардчилсан намыг ялна гэсэн хүлээлт байлаа. Харамсалтай ч УИХ-ын сонгуулийн шуурганд нам цохиулсан гэхэд болно.

Унасан хүн ууртай. Тэр одоо л Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзнэ. Тэгж байж ялалт байгуулна гэсэн бодол тээж байгаа бололтой. УИХ, аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулиас хойш нам жим байсан түүний хувьд сүүлийн үед нам дотроо ажиллаж эхэлжээ. Нийслэлийн Ардчилсан намынхаа нөхөдтэй уулзах болсон. Мөн Ардчилсан намын хуучин бууны хугархай нартайгаа зөвлөлдөж байгаа гэнэ. Үүгээр зогсохгүй МҮДН, МоАН гэх мэт фракцын төлөөлөлтэй холбоо тогтоож эхэлсэн гэх мэдээлэл дуулдаж байна. Энэ бүхэн нь Э.Бат-Үүл гэдэг хүн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхээ хөөцөлдөж байгаа гэдгийг баталж өгнө. 2009 онд Ц.Элбэгдоржтой нам дотроо өрсөлдөж ялагдсан. Одоо дахин өрсөлдөж Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзнэ. Бусад нэр дэвших гэж ярьж байгаа хүмүүсийн хажууд 2016 оны УИХ, Аймаг, Нийслэлийн ИТХ-ын сонгуульд ялалт байгуулсан гэх эерэг дүр түүнд бий. Н.Алтанхуяг шиг ялагдсан. Бас АТГ-т шалгагдаж байгаа гэх хар сүүдэр хараахан түүнийг дайраагүй байна. Гагцхүү хүү Б.Чулуудайн оффшорт байх данс л Э.Бат-Үүлийг ээрч магад үгүй юм.