Олон улсын эрдэмтдээс бүрдсэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинжээчдийн баг Сovid-19 цар тахлын гарал үүслийг олж тогтоохоор Хятадын Ухань хотод ажиллаж байгаа билээ. Тус багийн шинжээчид Сovid-19 өвчин анх үүссэн гэгдэж буй Ухань хотын далайн бүтээгдэхүүний захаас "чухал сэжүүр" олсон хэмээн мэдэгджээ.
Шинжээчдийн багийн гишүүдийн нэг, Нью-Йоркийн зоологич Питер Дашак шалгалтын явцад илрүүлсэн мэдээллүүд нь мөрдөн шалгах ажилд маш чухал ч одоогоор олон нийтэд зарлах боломжгүй, албан ёсны дүн гарах хүртэл нууцална хэмээн ярьжээ. Цар тахал эхлэх үед орон нутгийн эрх баригчид тухайн хүнсний захын үйл ажиллагааг даруй зогсоосон бөгөөд захын ажилчид захыг орхин гарч, тоног төхөөрөмж, сав суулга болон бусад зүйлсээ тэр чигт нь үлдээсэн учир вирусийг судлахад дөхөм болж буйг тэрбээр онцолсон байна.
ДЭМБ-ын 14 хүний бүрэлдэхүүнтэй баг Ухань хотод ажиллаж байгаа ба тэд энэ долоо хоногийн сүүлээр ажлынхаа үр дүнг тайлагнах ёстой аж. Хятад улстай өнгөрсөн жилийн тавдугаар сараас хойш хэлэлцсэний үр дүнд тус улсад нэвтэрч, Сovid-19 өвчин анх бүртгэгдсэн Ухань хотод ажиллаж, цар тахлын гарал, үүслийг судлах болсон ДЭМБ-ын багийн томилолтын үр дүнг дэлхий нийтээрээ чих тавин хүлээж буй юм.
Эх сурвалж: NEWS.COM.AU