МАН-ын мөрийн хөтөлбөрт ийм үг, өгүүлбэр бүрэн бий. Тэд бизнес эрхлэгчийг татвараар дарамтлахгүй. Бас иргэнээс татвар нэмж хураахгүй гэж амлаж байжээ.
Монгол Улсад 122 мянган аж ахуйн нэгж байдаг. Эдгээрийн 62 мянга нь өнгөрсөн жилүүдэд үүдээ хаасан. Энэ аж ахуйн нэгжүүдийг үйл ажиллагааг сэргээнэ. Одоо ажиллаж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хэвийн байлгаж хадгалах үүргийг төр хүлээнэ. Тэгэхийн тулд татвар нэмэхгүй. Татвараар төрийн нэрээр дарамтлахгүй гэсэн амлалтыг МАН 2016 оны Улсын Их хурлын сонгуулийн өмнө мөрийн хөтөлбөртөө тусгаж амлалт өгч байлаа. Харин өнөөдөр энэхүү амлалтаа умартав.
2016 онд МАН ялалт байгуулж Ж.Эрдэнэбатын засгийн газар байгуулагдсан мөчөөсөө л татвар нэмэх гэж зүтгэсэн. Тэд өөрсдөө санасандаа хүрч чадаагүй учраас одоо Олон Улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах нэрээр татвар нэмэх гэж байна.
-Шатахууны онцгой албан татварыг нэмнэ.
/ Шатахууны онцгой албан татварыг саяхан 100 мянган төгрөгөөр бууруулсан. Ингэсэн ч гадаад зах зээлээс шалтгаалсан гэх үндэслэлээр шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд шатахууны үнийг 100 төгрөгөөр нэмэгдүүлээд байна. Хэрэв татварыг нь өсгөчих юм бол шатахууны үнэ дахин нэмэгдэх үү? Нэмэгдсэн шатахуун эргээд үнэ нь буурахдаа 5 төгрөгөөр л хямдардаг. Ийм гажуудлыг улам дэвэргэх бодлого энэ засгийн газар авч хэрэгжүүлэх гэж байгаа юм биш биз.
-Архи, согтууруулах ундааны онцгой албан татвар нэмнэ
Архи согтууруулах ундаа үйлдвэрлэгч цөөхөн аж ахуйн нэгж байдаг. Эдгээр аж ахуйн нэгж нь улсад татвар төлөлтөөрөө уул уурхайн компаниудын дараа орж байна. Тэгэхээр эд нараасаа татвар нэмж төсвийн орлогыг бүрдүүлэх нь байна. Гэвч онцгой албан татвар нь нэмэгдэхэд аж ахуйн нэгж бүр өөр дээрээ хариуцлага хүлээхгүйгээр бүтээгдэхүүнийхээ үнийг шууд өргөчихдөг. Ийм нөхцөлд хэрэглэгч дээр очих архи, согтууруулах ундааны үнэ л нэмэгдэнэ.
-Автомашины татварыг насжилтаас хамааран 3-15 хувиар нэмнэ
Монгол Улсад бүртгэлтэй 800 гаруй мянган тээврийн хэрэгсэл байна. Эдгээрийн 90 орчим хувь нь 8-10 жилийн насжилттай. Тэгэхээр эдгээр машины жилийн татвар нэмэгдэх нь байна. Мөн гааль, хилийн үнэ бас л нэмэгдэнэ гэсэн үг. Ийм нөхцөлд авто машин унах гэдэг маш хүндрэлтэй болж ирнэ. Татварын дарамтанд иргэд сөхөрч унах нь ээ.
-Импортын тамхинд 30 хувийн татвар ногдуулна
Монголд үндэсний үйлдвэрлэгч тамхины компани байдаг. МАН-ын нөлөө бүхий гишүүн, Уул уурхайн сайд Д.Дашдоржийн компани. Онцгой албан татвар нэмэх тухай яригдах бүрт Архи, тамхины татвар зэрэг явдаг. Гэтэл энэ удаад архи нэмнэ. Тамхи нэмэхгүй. Тэгсэн хэрнээ бас импортын тамхи нэмнэ. Тэгэхээр дотоодын үйлдвэрлэлээ хамгаалсан алхам биш намынхаа нэг гишүүний бизнесийг дэмжсэн бодлого төрөөс явуулах гэж байгаа юм биш биз.
-Хувь хүний орлогын албан татварыг шатлалтайгаар нэмнэ
Бид цалингаасаа 2 төрлийн татвар төлдөг. Нэг нь нийгмийн даатгалын шимтэл. Нөгөө нь хүн амын орлогын албан татвар. Энэ хоёр гол татварыг нэмэгдүүлнэ. Хүн амын орлогын албан татварын хэмжээ 10 хувь байгаа. Энэхүү татварыг үе шатлалтайгаар нэмэгдүүлнэ гэнэ. Хэд ч хүрч магад үгүй.
Нийгэм, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн татвар нэмэгдэнэ
Цалингаасаа төлдөг бас нэг татвар. Үр шимийг нь төдийлөн хүртэж чаддаггүй. Гэтэл энэхүү татварыг 11 хувь болгож нэмэгдүүлнэ.
-Хадгаламжийн хүүгийн орлогод татвар тооцно.
Өндөр хүүтэй хадгаламжийн хүүгээс өндөр татвар авдаг тогтолцоо бол байх ёстой. Үүнийг хэрэгжүүлэх биз. Харин нэг сая төгрөгийн хадгаламжтай иргэний мөнгөнөөс татвар авах гээд зүтгэх юм бол хэтэрхий иргэн бүрийг шулах гэсэн гажуудал болж үзэгдэнэ.