Сар шинийн өдрүүдээр золголт хийсэн иргэнийг 500.000 төгрөгөөр торгоно

Сар шинийн өдрүүдээр золголт хийсэн иргэнийг 500.000 төгрөгөөр торгоно

УОК, Засгийн газрын шийдвэрийн дагуу энэ сарын 11-н буюу Цагаан сарын битүүний өдрөөс 23-ны 06.00 цаг хүртэл нийслэлийг Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийн тавдугаар түвшинд шилжүүлэхээр болсон. Өмнө оны арваннэгдүгээр сард нийслэл хот Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжиж байсан ч иргэдийн хөдөлгөөн төдийлөн арилаагүй. Тэгвэл энэ удаагийн хөл хорио сар шинийн өдрүүдэд таарах учраас мөн иргэдийн дунд эргэлзээтэй олон асуулт гарч байна. Тухайлбал, Иргэд золгохоор гэрээс гарсан тохиолдолд торгох ч юм уу, хариуцлагын ямар нэг арга хэмжээ авах эсэхийг асууж байгаа юм.

Тэгвэл энэ талаар нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагадаа, Өмнө нь тогтоосон хөл хорионы арга хэмжээг энэ удаад ч үргэлжлүүлнэ. Гэхдээ арай өөр, онцлог байдлаар ажиллана. Нийслэлийн иргэдийн хөдөлгөөнийг 90 орчим хувиар бууруулж байж өвчний тархалтыг хумьж, голомтыг цөөлнө. Өмнө нь хэрэгжүүлсэн бүх нийтийн бэлэн байдлын үеийн арга хэмжээнээс илүү хатуу чанга байхаар зохион байгуулна. Иргэд гэрээсээ огт гарахгүй.

Нийслэлийг тэр чигт нь цагдаагийн байгууллага хяналтдаа авч, хязгаарлалт тогтооно. Хэрэв иргэд аав, ээж, ах, дүү, хамаатан садныдаа очиж золговол Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авна. Өөрөөр хэлбэл, иргэнийг 500 000, аж ахуйн нэгж, байгууллагыг таван сая хүртэлх төгрөгөөр торгоно гэжээ.