Коронавируст халдварын эрсдэл маш өндөр байгааг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сануулав. "Ойрын хавьтлын 861 хүн тусгаарлах байранд, хоёр дахь хавьтал 4,334 хүн хяналтад байна"
Тэрбээр "Сүүлийн үед өдөрт бүртгэгдэх тохиолдлууд нэмэгдэж байна. Гэхдээ ихэвчлэн халдвартай хүнтэй ойрын хавьтал болсон буюу тусгаарлагдсан хүмүүсээс халдвар батлагдаж буй.
Өнөөдрийн байдлаар 861 ойрын хавьтал болсон хүн тусгаарлах байранд байна. Харин хоёр дахь хавьтлын 4,334 хүн бидний хяналтад байгаа.
Батлагдсан тохиолдлууд нэмэгдэхийн хэрээр хавьтлуудын тоо нэмэгдэнэ. Тиймээс халдварын эрсдэл маш өндөр болж байна.
Сүүлийн үед өндөр идэвхжилтэй байгаа голомтуудыг дурдвал,
- "Монгол шир" компани,
- Гутлын цех,
- ББСБ,
- СХД-ийн 21 дүгээр хорооллын худалдааны төвтэй холбоотой голомт,
- "Микс" пиццаны газартай холбоотой голомтууд тасралтгүй үргэлжилж байна.
Иргэдийн гадуур явж байгаа хөл хөдөлгөөн их байна. Эрсдэл маш өндөр байгаа энэ үед гэртээ агаар салхи оруулах, цэвэрлэгээ маш сайн хийж халдвар хамгааллын дэглэмээ мөрдөхийг зөвлөж байна" гэсэн юм.
"Өнгөрсөн 24 цагийн хугацаанд хоёр голомт шинээр үүссэн"
Мөн Эрүүл мэндийн яамны ахлах шинжээч Д.Нарангэрэл “Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар коронавируст халдварын 13 голомт өндөр идэвхтэй байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд л гэхэд хоёр голомт шинээр үүссэн.
Сүүлийн үед шинээр үүсэж байгаа голомтот халдвар нь гэр бүлийн хүрээнээс гадна ААН хамт олны дотор гарч байгаа тул албан байгууллагууд агаар сэлгэлтийг маш сайн хийж, ажилчдынхаа эрүүл мэнд, сэтгэл зүй дархлааг дэмжих тал дээр онцгой анхаарах хэрэгтэй” гэсэн зөвлөгөө өглөө.