БНСУ-д халдварын шинж тэмдэг илэрсэн гэрийн тэжээмэл муур, нохойноос ковид-19-ийн шинжилгээг авах тухай Сөүл хотын захиргаанаас мэдэгдлээ. Хэдэн долоо хоногийн өмнө тус улсад муурын зулзага коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон юм.
Зөвхөн тухайн муур, нохойны амьсгалд өөрчлөлт орж, ханиадны шинж тэмдэг илэрсэн буюу халдварын шинж тэмдэг ажиглагдсан тохиолдолд шинжилгээг авах аж. Шинжилгээний хариу нь эерэг гарсан тохиолдолд муур, нохойг гэрт нь тусгаарлах юм байна.
“Гэрийн тэжээмэл амьтнаас хүнд ковид-19 халдвар тархсан тохиолдол байхгүй. Иймээс гэрийн тэжээвэр амьтдыг тусгаарлах байгууламж руу явуулах шаардлагагүй” хэмээн БНСУ-ын өвчний хяналт хариуцсан мэргэжилтэн Пак Юу ми цахим хэвлэлийн хурлын үеэр хэлсэн тухай Ёнхап агентлаг мэдээлэв.
Харин хэрвээ нохой, муурын эзэн халдвар авч эмнэлэгт хэвтсэн эсвэл өвчтэй, өндөр настай хүн байвал ковид-19-ийн халдвар авсан гэрийн тэжээвэр амьтдыг хотын удирдлага дор хорио цээрийн дэглэмд оруулах аж.
Эх сурвалж: BBC