ӨӨРИЙГӨӨ ГОЛОХГҮЙ ХҮН БҮР ӨРСӨЛДӨНӨ

ӨӨРИЙГӨӨ ГОЛОХГҮЙ ХҮН БҮР ӨРСӨЛДӨНӨ

Ардчилсан намын даргын сунгаа эхэлчихлээ. Тус нам их хурлаасаа хамгийн өндөр 4 санал авсан хүнийг нэр дэвшүүлж, бүх гишүүдээсээ сонгуулна гэж байсан ч хачир дээрээ тийм шийдлээ олж чадсангүй. Хоёр хоног хуралдсан тус намын их хурлаас гарсан шийдвэр нь 2017 оны 01 сарын 29-ний өдөр бүх гишүүдийн санал хураалт явуулж намын даргыг сонгоно. Үүнээс өөр нарийн зохицуулалт алга. Тэгэхээр та өнөөдөр ч гэсэн Ардчилсан намд элсээд маргааш нэр дэвшиж болно гэсэн үг. Ийм л нээлттэй гэж нэг үгээр халхавч хийчихээд нөгөө талдаа асуудлаа шийдэж чаддаггүй, алалцаад л хэн хэн нь хохирч үлдэг гажуудал тус намын өнгө төрх хэвээрээ байгааг энэ удаагийн хурлын мөчлөг, түүнээс гарсан шийдэл, шийдвэр нь харуулчихлаа.

Өвгөдийн өндийх гэсэн тулаан

Ардчилсан намын өвгөд суудлаасаа буухыг хүсэхгүй байна. Тэд тийм ч учраас 6-р их хурлынхаа үр дүн зунгааралдуулаад хаячихлаа. Асуудал бүрийг залуусынхаа хүслээр бус аргацаасан хэлбэрээр шийдүүлж дөнгөв. Нээлттэй гэж нэрлэж сурсан ч хаалттай хийгдэх хувилдааныг тоглолтыг өрнүүлж хамаг ажлаа хойш нь тавьчихлаа. Энэ нь хөгшин хараацай нарынх нь хийх гэж зүтгэсэн, хэрэгжүүлэх гэсэн төлөвлөгөө нь бололтой. Гэхдээ тэд уг нь болж өгвөл 6-р их хурлаасаа намын даргаа сонгох. Бүр болохгүй бол 4 хүнийг гаргаад намын даргын өрсөлдөөнд гүйгээд орох байсан биз. Гэвч өнөөх фракцын тохироо нь бүдгэрч, хувилдаан нь утгаа алдаж, мэх мэхэндээ ороогдож, мэдлэг нь мухардсан учраас нь өвгөд өндийхийн тулд өнөөдөр биш маргааш. Төлөөлөгчдөөс биш түмэн гишүүнээсээ асуучих нь зөв гэсэн шийдлийг олоод авчихлаа. Өнгөрсөн хугацаанд намын лидер гэгдэж явсан Н.Алтанхуяг, Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ, Р.Амаржаргал, Э.Бат-Үүл, П.Цагаан гэх мэт 50-аас дээш насныхан шинэчлэлийг ярьж ширүүхэн тулалдаанд орно. Өнөөдөр хийгээгүй бол маргааш тэд хийнэ гэж үү?

Дараа үеийнхэн дайралтаа эхлүүлнэ

Тэд ах нарынхаа заасан аргаар суралцаж яваад л өнөөдөр хүрчихсэн. Сая ч тэр л арга барилд толгойлон оролцов. Үүний тод жишээ нь өнөөх Л.гантөмөр. Хамгийн чангаар намын даргын төлөө өрсөлдөнө гэж байсан. Харин яг хурал болж, асуудал хайрцагт орж ирэхэд түүний нэр цухуйсангүй. Шалтгааныг нь хайгаад явсан зарим нэгний бор шувуу нисгэлтээр бол мань хүн хэд хэдэн фракцын ах нартайгаа тохирч Ерөнхий нарийн бичгийн даргын сэнтийд сэм суучих санааг л өвөрлөж өөрийн 1-А ангийн нөхдөө ноолж суусан болж таарах гээд байна. Дүрмийнхээ шинэчлэлийн бичиж суусан Х.Тэмүүжин ангийн нөхөр Л.Гантөмөрөө дэмжиж суугаа дуулдана лээ. Дараа үе гэгдэг энэ нөхдөөс эсэргүү Ж.Батзандан л харин хувийн тоглолтоор хүний өөрийн хамаагүй муулж байгаад ард олны дэмжлэг авна гэсэн муйхарлалтайгаар өнөөх тулаанд нисээд орчихож мэднэ. Түүний зорилго тэр зүгт нэгэнт чиглэчихсэн.

Энд тэндээс өөрийгөө дэвшүүлэгчид

Нэгэнт намын даргын өрсөлдөөнд оролцох эрх нээлттэй учраас хүн бүр зүтгэнэ. Гэхдээ өөрийгөө голохгүй, өрөөлд таалагдана гэсэн итгэлтэй нь шүү. Ийм нөхөд энэ намд хэдэн зуугаараа вий. Дарга нарын цүнх барьж гүйсэн нэгнээс авхуулаад дарагдаж, даруулж явсан хэд ч бас багтана. Тэдэн дундаас цойлоод гараад ирэх хүн нь харин хэд бол.

Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан хүртэл тус намын гишүүнчлэлээ сэргээхээ мэдэгдэж явсан. Түүний хувьд гүйж очоод нэр дэвших гэж зүтгэх нь гарцаагүй. Б.Жаргалсайхан ганц хүний намаар гарч чадахгүй учраас олдсон боломжийг олон үггүйгээр ашиглах хүсэл вий л байх. Түүнтэй ижил амбиц Ард түмийн намын дарга Л.Гүндалайд байж мэднэ. Мань хүн ч бас л мандуулахаар тугаа намируулаад туучаад гараад ирэх магадлалтай. Харин энэ тэндээс ирсэн эрээвэр хураавар эдгээр хүмүүсийг Ардчилсан намын туган дор арав хорин жил яваа ард нэртэй гишүүд нь аминчлан ойлгож чадах эсэх л эргэлзээтэй байна.

Хэзээ намын даргыг бүртгэх вэ?

Ардчилсан намын одоогийн удирдлагын тайлбараар бол тус намын даргын төлөөх өрсөлдөөнд оролцох хүн 2016 оны 12 сарын 10 өдөр бүртгүүлэх гэнэ. Ингэхдээ тухайн хүн заавал өөрийн биеэр ирж намынхаа байранд бүртгүүлэх бололтой.