Тэтгэврийн зээлгүй ахмадуудад тавдугаар сард 1 сая төгрөг олгоно

Тэтгэврийн зээлгүй ахмадуудад тавдугаар сард 1 сая төгрөг олгоно

Засгийн газраас 2020 оны нэгдүгээр сард  ахмад настны тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх шийдвэр гаргасан билээ. 2019 оны арванхоёрдугаар сарын байдлаар тэтгэврийн зээл авсан 233 мянган ахмад настан байсан бөгөөд зээлийн хэмжээ нь 776 тэрбум төгрөг байв. Нэг ахмад настны авсан зээлийн хэмжээ дунджаар 3,3 сая төгрөг юм. Эдгээр ахмад настнуудын дунд 10-15 сая төгрөгийн зээлтэй 10,8 мянга, 15-20 сая төгрөгийн зээлтэй 3300, 20 сая төгрөгөөс дээш 1400 гаруй хүн бий.

Ихэнх зээлдэгчид хүүхдээрээ батлан даалт хийлгэж, 5-10 сая, түүнээс дээш төгрөг бөөнөөр нь аваад, орон сууцны урьдчилгаанд өгч, байшин барьж, жижиг аж ахуйдаа хөрөнгө оруулсан байна. Хүүхдийнхээ сургалтын төлбөр төлж, унах унааг нь базаан, өр зээлийг нь дарсан нэг хэсэг ч бий. Харин тэтгэврийн зээл аваагүй ахмадуудад дээрх шийдвэр "Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу" гэгч болсон. Тиймдээ ч тэтгэврийн зээлийг тэглэнэ гэж ахмадуудаа талцуулсан шийдвэр багагүй шүүмжлэл дагуулсан билээ.

Ирэх тавдугаар сард багтаан тэтгэврийн зээл аваагүй ахмадад нэг сая төгрөг олгохоор болжээ. Монгол Улсын Үндсэн хуульд заасан байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн Салхитын алт, мөнгөний ордыг 2043 он, 2047 он хүртэл ашиглах тусгай зөвшөөрлүүдийг 2018 онд цуцалж, төрийн мэдэлд шилжүүлсэн билээ. Улмаар 2019 онд тус ордод хайгуул хийх, ашиглах тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-д шилжүүлж, төсвийн хөрөнгө оруулалтгүйгээр олборлолтын үйл ажиллагааг нь эхлүүлсэн байдаг. Ийнхүү Салхитын алт, мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, өндөр настнуудын тэтгэврийн зээлийг нэг удаа чөлөөлсөн юм.

“Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр "Монголбанкинд энэ сарын 8-ны өдөр 105 тэрбум төгрөг буюу 37 сая ам.доллар тушааж, тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад нэг сая төгрөг олгох ажлыг эхлүүлнэ" хэмээн мэдээлсэн. Өөрөөр хэлбэл, 2019 онд тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад энэ оны тавдугаар сард багтаан нийт 210 орчим тэрбум төгрөг олгох юм.