ЭМЯ: 32 хүнээс халдвар илэрч, 29 хүн эдгэрчээ

ЭМЯ: 32 хүнээс халдвар илэрч, 29 хүн эдгэрчээ

Эрүүл мэндийн яам Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх өнөөдөр/2021.02.15/-ийн мэдээллээ хийлээ.


ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-Хоёрдугаар сарын 14-ны өдөр нийтдээ 33219 шинжилгээ хийхэд 32 хүнээс covid-19 илэрлээ. 32 хүний 6 хүн нь "Нэг хаалга-нэг шинжилгээ"-ээс илэрсэн бол бусад нь өмнөх тохиолдлуудын ойрын хавьтал байлаа. Мөн 29 хүн эдгэрч, дараагийн шатны сувилалд шилжлээ. Нийт 2383 хүн халдвар авснаас 1711 буюу 71,8 хувь нь эдгэрчээ. 116-р сургуулийн 14 тохиолдол, "Монгол шир" ХК-аас 135 тохиолдол, "Амгалан" амаржих газраас 69 халдвар, Наркологийн эмнэлэгтэй холбоотой "Цахиур Төмөр" эмийн сангаас 69 тохиолдол, CGS эмнэлгээс 18 тохиолдол тус тус идэвхитэй голомтуудаас илрээд байна. "Элизабет" хотхон, гутлын цех, Микс Пицца зэрэг голомтууд ерөнхийдөө хяналтанд орж байна.

"ИРГЭД УХАМСАРТАЙ, ДЭГЭЭ САЙН САХИХ ХЭРЭГТЭЙ"

Эрүүл мэндийн сайд С.ЭНХБОЛД:

-“Нэг хаалга-нэг шинжилгээ” аяны хүрээнд 143300 хүн шинжилгээнд хамрагдаад байна. Энэхүү аяны хүрээнд нийт 11 хүнээс халдвар илрээд байна. Нэг хүний ард 4-5 хүн байдаг учир халдварын тохиолдол нэмэгдэх хандлагатай байдаг учир халдвар хамгааллын дэглэмээ баримтлаарай. Өнөөдөр 16 мянган гаруй хүнд шинжилгээ хийнэ.

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга Ж.АМГАЛАН:

-Хөдөлгөөн хорьсноор хавьталд халдварын тоо буурч байна. Хөдөлгөөнд оролцоно гэхээсээ илүү хөдөлгөөнд оролдцохгүй байх хэрэгтэй. Хүнсний үйлдвэрүүд 15 хувиар ажиллаж, гэр-ажил гэсэн хуваарийн дагуу явж байгаа. Бүх төрийн яам агентлагууд дотроо зохицуулалт хийж ажиллах хэрэгтэй байна. Эмийн сангуудын эм түгээлт хариуцсан байгууллагууд ч мөн дотроо зохион байгуулалт хийж ажиллахыг хүсч байна. Иргэд автобусаар их зорчих гэж байна. 23-ний өглөөний 06.00 цаг хүртэл иргэд маань ухамсартай, дэгээ сайн сахиж ажиллаарай гэж хүсч байна.