Ж.Амгалан: Хүнсний үйлдвэрийн ажилтнууд гэр-ажил гэсэн маршрутыг дагана

Ж.Амгалан: Хүнсний үйлдвэрийн ажилтнууд гэр-ажил гэсэн маршрутыг дагана

ЦЕГ-ын дэд дарга Ж.Амгалан Улаанбаатар хотод зохион байгуулж буй хөл хорио, хэв журмын талаар танилцууллаа.

Тэрбээр, Нэгдүгээрт халдварын хүрээг хянах, халдвар авсан хүмүүсийг ангилах. Хоёрдугаарт, Эдийн засгийн уналтыг зогсоох. Гуравдугаарт, нийт ард түмнээ вакцинжуулахад бэлдэх ажлыг хангахаар хөдөлгөөнийг хязгаарлах ажлыг зохион байгуулж байна. Иргэд гэрийн дэглэмээ сайн мөрдөж байгаад Цагдаагийн байгууллага талархаж байна. Өнөөдрийн байдлаар хөдөлгөөнийг хязгаарлах нь нэн ач холбогдолтой нь харагдаж байна. Хөдөлгөөн бага байснаар хавьтлууд халдвар авах нь бага байна.

Улаанбаатар хотын захирагчийн албанаас нэлээн сайн судалгаа хийж байна. Хүнс түгээлтийн үйлдвэрүүдтэй цахимаар хуралдаж ярилцсан. Хүнсний үйлдвэрүүд зөвхөн ажиллах шаардлагатай ажилтнуудаа хөдөлгөөнд оролцуулна. Хүнсний үйлдвэрийн ажилтнууд гэр-ажил гэсэн маршрутаар үйл ажиллагаа явуулна. Хэдэн машин ямар хуваарьтай явахыг Захирагчийн албанаас тооцоолж гаргасан. Зургаагаас дээш нэрийн дэлгүүрүүдийн хүнсээ татах, хүргэх, түгээлт хийх тусгай цагийн хуваарь гарсан. Хэрвээ зургаан нэрийн дэлгүүртэй хүмүүс мэдээлэл аваагүй бол яаралтай Захирагчийн ажлын албанд холбогдоорой.

Өнөө өглөө иргэд, автомашины хөдөлгөөн нэмэгдсэн нь ажиглагдлаа. Сүлжээ, интернет хариуцдаг газрууд бүлэг зохион байгуулалтад орох шаардлагатай байна. Эмийн сангийн эм түгээлт хариуцсан газрууд дотроо зохион байгуулалттай байхыг хүсэж байна. Иргэд автобусаар зорчих гэсэн оролдлого их байна. Аль болох хөдөлгөөнийг хумьж байж, халдвар айлын босгоор орохгүй. Тиймээс хүнсний, худалдааны байгууллагууд дор бүрнээ хариуцлагатай ажиллахыг хүсэж байна. Энэ сарын 23-н хүртэл иргэд дэгээ сайн барихыг сануулж байна.