Дэлхийн Банкны Захирлуудын зөвлөл Mонгол Улсад КОВИД-19 цар тахалтай тэмцэх яаралтай тусламж, эрүүл мэндийн тогтолцооны бэлэн байдлын төсөлд 50.7 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийг өнөөдөр баталлаа. Энэхүү төслийн хүрээнд нийт хүн амын 60 хүртэл хувийг хамруулахад хүрэлцэхүйц вакцин худалдан авах, тээвэрлэх, хадгалах, аюулгүй байдлыг хангах, улс орон даяар түгээх, хянах зэрэг хүйтэн хэлхээний тоног төхөөрөмж, дэд бүтцийг өргөжүүлэх, бэхжүүлэх ажлыг цогцоор нь хэрэгжүүлэх юм.
"Монгол Улсад COVID-19-өөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл"-ийн нэмэлт санхүүжилтээр
- Вакцин худалдан авахад 19 сая
- Хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийн шинэчлэлтэд 13 сая,
- Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэх, нэгдсэн сургалт, мэдээлэл олгох үйл ажиллагаанд 7 сая
- Вакцин хадгалах хөргүүр, нэгдсэн төвийн өргөтгөл, дэд бүтцийг өргөжүүлэх, бэхжүүлэх арга хэмжээнд 1.5 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн гэж Вакцин оруулж ирэх ажлын хэсгийнхэн мэдээлж байсан юм.
ВАКЖИНЖУУЛАЛТ ГУРАВДУГААР САРЫН 1-НЭЭС ҮЕ ШАТТАЙГААР ЭХЭЛНЭ
Хүн амын 60 хувь буюу 18-аас дээш насны 2 сая гаруй иргэнийг 2021 оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн үе шаттайгаар вакцинжуулалтад хамруулж эхэлнэ гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ. Манай улсын хувьд
- АНУ, Германы хамтарсан “Pfizer”
- Оксфордын их сургуулийн “AstraZeneca”
- Хятадын Синофарм
- Оросын "Спутник V" вакциныг оруулж ирэхээр төлөвлөж буй юм.
Харин манай улс КОВАКС хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд “Pfizer” вакцин авна. Харин гадаад улс оронтой хамтран ажиллах хүрээнд “AstraZeneca” вакциныг худалдаж авахаар бүх бэлтгэл ажлаа хийсэн.
Тодруулбал эхний ээлжинд -70 градуст хадгалах “Pfizer” вакциныг нийлүүлбэл Монгол Улс 1 сая 847 мянган тун, “AstraZeneca” вакцин нийлүүлэхэд 2 сая 516 мянган тунг хүлээн авах бэлэн байдлыг хангасан гэж Вакцин оруулж ирэх ажлын хэсгийн ахлагч байсан Ч.Хүрэлбаатар хэлж байсан юм.
Ямартай ч ирэх гуравдугаар сарын 1-нээс эхлэн вакцинжуулалтад хамрагдах шат дараалал, хүн амын эзлэх хувийг дараах байдлаар гаргажээ.
Зорилтот хүн ам | Хамрагдах хүн амын тоо | Нийт хүн амд эзлэх хувь | |
1 | Эрүүл мэндийн салбарын нийт ажилчид | 56.047 | 1.7% |
2 | Хариу арга хэмжээний багт ажиллаж буй бусад салбарынхан (онцгой байдал, цагдаа гэх мэт) | 52.750 | 1.6% |
3 | 50-аас дээш насны хүн ам | 583.545 | 17.7% |
4 | Хөгжлийн бэрхшээлтэй иргэд | 230.781 | 7% |
5 | Суурь өвчтэй хүмүүс (зүрх судас. чихрийн чижин, хорт хавдар гэх мэт) | 276.937 | 8.4% |
6 | Дайчлах боломжтой ажиллагсад (вакцинжуулалт хариу арга хэмжээний багт ажиллана) | 65.937 | 2% |
7 | Стратегийн ач холбогдолтой салбарын ажилчид (хил, гааль, нүүр тээврийн жолооч гэм мэт) | 329.687 |
10% |
8 | Бүх шатны боловсролын байгууллагын ажилчид | 69.234 | 2.1% |
9 | Вакцинжуулалтад хамрагдах шаардлагатай бусад хүн ам | 313.202 | 9.5% |
1.978.120 | 60% |