Хотын дарга нийтийн тээврийн тоог нэмэгдүүлэхийг үүрэг болголоо

Хотын дарга нийтийн тээврийн тоог нэмэгдүүлэхийг үүрэг болголоо

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн цахимаар боллоо. 

Хурлаар Нийтийн Тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр Нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тусгай чиглэлд шилжүүлж, зөвхөн хязгаарлалт тогтоогоогүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн үүрэг гүйцэтгэх ажилтан, албан хаагч нарыг зорчуулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлж байгаа эсэх талаар танилцуулга өгсөн.

Хоёрдугаар сарын 23-ны өдрийг хүртэл төрийн албан хаагчдыг нийтийн тээврээр зорчуулах чиглэлийг барьж ажиллана. Өнөөдрөөс 21 чиглэлд 180 автобус цагийн хуваарийн дагуу үйлчилгээнд гарч байгаа бөгөөд нэмэлтээр автобус явуулахыг Хотын дарга үүрэг болголоо. Тухайлбал, Баянхошуу, Зүүн салаа, Баруун салаа, Тахилт зэрэг чиглэлд ачаалал нэмэгдэж, хүмүүсийн бөөгнөрөл үүсч байна. Үүнд анхаарч, автобусны тоог нэмэгдүүлж, иргэдэд чирэгдэл учруулахгүй зохион байгуулахыг анхааруулсан юм.

Мөн холбогдох албаны дарга нарт иргэдтэй харилцах харилцаандаа онцгой анхаарч, харилцааны соёлыг баримтлан ёс зүйтэй ажиллаж, мэдээллийг ойлгомжтой байдлаар түргэн шуурхай хүргэхийг сануулсан юм. Үүний дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас үүрэг даалгавар өгсөн.

Тухайлбал, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг боловсруулж, хууль санаачлагчид өргөн барих бэлтгэлийг сайтар хангаж, дагалдах хуулийн төслүүдийн танилцуулгыг бэлтгэж танилцуулах.

-Улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2021 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах худалдан авах ажиллагааг хуулийн дагуу олон нийтэд ил тод, шуурхай зохион байгуулах.

-Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 27 дугаар тогтоол, Шадар сайдын 2021 оны 12 дугаар тушаал, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/85, А/86, А/87 дугаар захирамж, шийдвэрийн хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллах.

-2021 оны 02 дугаар сарын 11-нээс 23-ны хооронд хийгдэх “Нэг хаалга - Нэг шинжилгээ”-ний батлагдсан хуваарийн дагуу иргэдийг шинжилгээнд хамруулах ажлыг дүүргийн Засаг дарга нар сайтар зохион байгуулах, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас нэгдсэн удирдлага, арга, зүйгээр хангаж ажилахыг үүрэг болголоо.

Эх сурвалж НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс