Эрүүл мэндийн сайд С.Энхболд вакцины талаар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Хөл хорио 23-наас дуусаж байна. 23-наас вакцин хийж эхэлнэ. ДЭМБ-аас одоогийн байдлаар Pfizer-ийн вакциныг яаралтай горимоор хийх зөвшөөрөл олгочихсон байгаа. Энэ долоо хоногт AstraZeneca вакцин бүх шатны туршилт шинжилгээгээ даваад зөвшөөрөл олгогдоно.
Манай улс 4 төрлийн вакцин оруулж ирэхээр гэрээ хэлэлцээр хийгээд эхнээсээ тээвэрлэлтийн асуудлыг төлөвлөөд явж байна. Эхний ээлжид AstraZeneca, Pfizer-ийн вакцинууд орж ирнэ. ХӨСҮТ-д Үндэсний агуулах байдаг. Тоног төхөөрөмжүүдийг хангасан. Pfizer-ийн вакциныг -70 градусын нөхцөлд хадгалах ёстой. Агуулах тоног төхөөрөмжийг суурилуулсан, тээвэрлэлт хадгалах бэлтгэлийг хангасан.
2020 оны долоодугаар сараас эхлэн COVAX хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ тавиад хамрагдаад явж байна. COVAX хөтөлбөрөөр хүн амын 20 хувийг хамруулна. Үлдсэн 40 хувийг өөрсдийн санхүүжилтээр хийнэ. Санхүү төсөв, худалдан авалтын журмаар худалдан авалт хийх асуудал Сангийн яаманд асуудал шийдэгдсэн. Нийт хүн амын 60 хувийг буюу 2 сая орчим хүнд вакцинд хамруулна. 0-18 насны 1.2 сая хүн, 18-аас дээш насны 2 сая орчим хүн байгаа. Зарим вакцин 16-аас дээш насныханд хийдэг. Дийлэнх нь 18-аас дээш насныханд хийнэ гэсэн зөвлөмжтэй явж байгаа учраас бид нийт хүн амын 60 хувийг вакцинжуулна. Зардал, төсөв бүгд шийдэгдсэн. Худалдан авалт, тээвэрлэлт яригдаж байна." гэлээ.