Драгон худалдааны төвөөс хувиараа такси үйлчилгээ хийж орон нутаг руу явдаг жолооч нар зохион байгуулалттайгаар Улаанбаатараас Дархан, Дарханаас Улаанбаатар чиглэлд нэг иргэнээс төлбөр авч хулгайн замаар тээвэр хийж нэвтрүүлж байсан үйлдлийг илрүүлжээ.
Жолоочид болох Сонгинохайрхан дүүрэгт оршин суух хаягтай 49 настай эрэгтэй “П”, 40 настай “А” нар Улаанбаатараас Дархан хүртэлх иргэдийг хулгайн замаар тээвэрлэсэн байна. Харин Дархан-Уул аймгийн харьяат 43 настай “Э”, 37 настай “Ж” нар Дарханаас Улаанбаатар хүртэлх хулгайн замаар иргэдийг тээврийн хэрэгсэлдээ солилцон өртөөчилсөн байдлаар тээвэрлэдэг гэх нөхцөл байдал тогтоогдсон байна.
Зорчсон иргэдийн шинжилгээний хариуны хүчинтэй хугацаа дууссан, нэг иргэн сүүлийн 21 хоног огт шинжилгээнд хамрагдаагүй гэх эрсдэлтэй нөхцөл байдал тогтоогдсон байна.
Уг зөрчлийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсийн алба хаагчид илрүүлэн таслан зогсоож, уг хулгайн тээврээр нийт хэдэн иргэн нэвтэрсэн үйлдлийг тогтоохоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.