“Улаанбаатар-Хөрөнгө оруулалт 2017” бизнес уулзалт өчигдөр болж өнгөрсөн. Уулзалтын үеэр Нийслэлийн Үйлдвэрлэл инновацийн газрын дарга Б.Бат-Эрдэнэ инновацийн тогтолцооны өнөөгийн байдлын талаар болон дүүргүүдэд үйлдвэрлэл технологийн парк байгуулах талаар танилцуулсан юм.Түүний хийсэн танилцуулгаас танд хүргье.
Нийслэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх хэтийн төлөв
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагын баримт бичигт үйлдвэрлэлийн чиглэлээр дагуул, хот, тосгодыг үйлдвэрлэлд суурилан хөгжүүлэхээр нийт 16 байршилд төлөвлөснөөс эхний ээлжинд Эмээлт, Налайх, Багануур, Багахангай дүүргүүдэд үйлдвэрлэл, технологийн паркуудыг байгуулахаар бэлтгэл ажлуудыг гүйцэтгэн ажиллаж эхлээд байна.
Үйлдвэрлэлийн паркуудыг байгуулах гол ач холбогдол нь орчин үеийн байгаль орчинд ээлтэй технологи бүхий хүнс, хөнгөн, барилгын материалын болон жижиг, дунд үйлдвэрүүдийг хаяа, дагуул, хот, тосгодод байгуулан тодорхой үүрэг чиглэлтэй үйлдвэр, худалдаа үйлчилгээ, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, аялал жуулчлал тэнцвэртэй хөгжсөн, оршин суугчдын амьдралын ая тухтай орчинг бүрдүүлсэн, эко харилцан уяалдаа холбоотой улсын эдийн засагт голлох байр суурьтай хот байгуулалт, суурьшлын систем болгож хөгжүүлэх юм.
Үйлдвэрлэл, технологийн паркуудын хууль эрх зүйн орчин
Үйлдвэрлэл технологийн паркыг хөгжүүлэх эрх зүйн орчныг сайжруулах хүрээнд Улсын Их Хурал, Засгийн газар, Нийслэлээс нийт гуч орчим хууль, тогтоол, журам, хөтөлбөрүүд гарсан байдаг. Үүнд:
2003 онд УИХ-ын 54 дүгээр тогтоолоор “Үйлдвэрлэл, технологийн парк байгуулж, хөгжүүлэх үндсэн чиглэл”, 2008 онд 12 дугаар тогтоолоор “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого” батлагдсан. Энэхүү бодлогын баримт бичиг нь 2021 он хүртэл хэрэгжинэ.
Түүний дараа НИТХТ-д Нийслэлийн үйлдвэрлэл, технологийн парк хөгжүүлэх хөтөлбөр баталсан бөгөөд тус хөтөлбөр нь 2025 он хүртэл хэрэгжих чухал баримт бичиг, мөн Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагын баримт бичиг, Улсын Их Хурлын 2016 оны 09 дүгээр сарын 09 –ний өдрийн “Монгол улсын засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” 45 дугаар тогтоолууд тус тус гарсан.
Хамгийн чухал баримт бичиг паркийн хувьд бол 2009 онд Улсын Их Хурлаас “Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийг батласан явдал юм. Энэ хууль батлагдсанаар үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн орчин бий болж, паркууд хөгжих боломж нөхцөл бүрэлдсэн гэж үзэж болно.
Энэхүү хууль эрх зүйн орчины хүрээнд үйлдвэрлэл технологийн паркууд дээр байршсан үйлдвэрүүд дараах хөнгөлөлтүүдийг эдлэхээр тусгагдсан байдаг.
Үүнд: Үл хөдлөх хөрөнгийн албан татвараас 100%, газрын төлбөрөөс мөн 100%, орлогын албан татвараас тодорхой хугацаанд чөлөөлөгдөхөөр заасан байгаа.
Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах үе шат
Үйлдвэрлэл технологийн паркуудыг 3 үе шаттайгаар барьж байгуулан хөгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. 2016-2017 онд зураг төсөл ТЭЗҮ зэрэг бэлтгэл ажлуудыг бүрэн дуусгаж бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн мөн 2017-2020 онд Үйлдвэрлэл технологийн паркийн шаардлагатай дэд бүтцүүд эхний үйлдвэрлэлүүдийг байршуулах зэрэг бүтээн байгуулалтын ажлуудыг хийж дуусгахаар төлөвлөж байна. Ингэснээр 2020-2025 он Үйлдвэрлэл, технологийн паркууд бүрэн хүчин чадлаараа ажиллаж, Улаанбаатар хотын үйлдвэрлэлийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж эхлэх юм.
“Эмээлт” үйлдвэрлэл, технологийн парк
Эмээлт хөнгөн Үйлдвэрлэл технологийн паркийг арьс шир, ноос ноолуур, зэрэг хөнгөн үйлдвэрийн чиглэлээр ОУ-ын жишигт нийцүүлэн кластераар хөгжүүлэхээр Хан-уул дүүргийн 13 хорооны нутаг дэвсгэрт байрших Шар хөцийн хоолойд нийт 160 га газарт барьж, байгуулахаар төлөвлөж бэлтгэл ажлуудад Нийслэлээс 2.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна. Энэхүү үйлдвэрлэл технологийн парк нь байршлын хувьд авто зам, төмөр зам, Нисэх буудлуудад ойр зэрэг үйлдвэрлэл хөгжүүлэхэд хамгийн тохиромжтой байрлал юм. Тус үйлдвэрлэл технологийн парк нь арьс шир, ноос ноолуурыг эцсийн бүтээгдэхүүн болгох бүх нэмүү өртөг шингээн энэ салбарын нийт эргэлтийг 1 их наяд төгрөг хүртэл нэмэгдүүлэх боломжтой гэж тооцоолж байгаа.
Хүчин чадлын хувьд арьс, шир боловсруулах 19, Ноос, ноолуур угаах, самнах 8, Дахин боловсруулах дэмжих 4, Бэлэн бүтээгдэхүүний 4 үйлдвэр тус тус байршиж, нийт 10,000 орчим ажлын байр бий болгохоор төлөвлөөд байгаа. “Эмээлт” үйлдвэрлэл, технологийн паркийг бүрэн хүчин чадлаар нь ашиглалтад оруулан бүх дэд бүтэц, үйлдвэрүүдийг барьж байгуулахад нийт 300 орчим сая.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байгаагаас үйл ажиллагаанд нэн шаардлагатай эхний ээлжийн дэд бүтцэд 58.6 сая ам.доллар, дараагийн ээлжний буюу паркийг бүрэн хүчин чадлаар ажиллуулж эхлэхэд шаардлагатай дэд бүтцэд нийт 82.7 сая.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй байна.
“Багануур” үйлдвэрлэл, технологийн парк
Энэхүү үйлдвэрлэл, технологийн парк нь Хүнд, Хөнгөн, Хүнсний үйлдвэрлэлийн бүсүүд болон Ургамал-нанобиотехнологийн цогцолбор гэсэн 4 үндсэн чиглэлээр Багануур дүүрэгт 403.3 га газарт байгуулахаар төлөвлөн судалгаа болон зураг төсөл, ТЭЗҮ зэрэг бэлтгэл ажлууд хийгдээд байна. Паркийн давуу тал нь авто, төмөр замын зангилаан дээр байршил сайтай бөгөөд Багануур дүүргийн Төвлөрсөн дулаан, цахилгааны төв шугамд холбогдох боломжтой, ажиллах хүч, түүхий эдийн арвин нөөцтэй, нүүрсний уурхайг түшиглэн байгуулж байгаа нь онцлог юм.
Жишээ нь: Хүрэн нүүрс боловсруулах бүх төрлийн үйлдвэр, гумины бордооны үйлдвэр зэрэг хүнд үйлдвэрүүдийг нүүрсний уурхайг түшиглэн байгуулах боломжтой юм. Паркт 80-110 үйлдвэрүүдийг хүчин чадал хэмжээнээс хамааруулан байршуулахаар төлөвлөөд байгаа бөгөөд 6000 орчим ажлын байр шинээр бий болно. Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагааг эхлүүлэхэд нэн шаардлагатай эхний ээлжний дэд бүтцүүдэд 18.4 сая доллар, бүрэн чадлаар ажиллуулж эхлэхэд шаардлагатай дэд бүтцэд нийт 24 сая долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй.
Дашрамд дурдахад 2016 онд Япон улсын 100%-ийн хөрөнгө оруулалттай “Силк Роуд Аэвори” компани үйлдвэрлэл, технологийн паркт байрлах эхний үйлдвэрийг байгуулахаар шав тавьсан бөгөөд энэ оны 4 дүгээр сараас бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Тус үйлдвэр нь жилд 9000 тонн ноос гүн боловсруулах, 1000 тонн ноолуур гүн боловсруулах хүчин чадалтай байх юм.
“Налайх” үйлдвэрлэл, технологийн парк
Барилгын материалын салбарт шинжлэх ухааны ололт, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, орчин үеийн үйлдвэрийн дэд бүтэц, бизнесийн таатай орчинг бүрдүүлсэн цогцолборыг би болгон хөгжүүлэх зорилгоор “Налайхын Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк”-ийг Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 120 га газарт байгуулахаар төлөвлөн, өнөөдрийн байдлаар Нийслэлийн төсвөөс 2.4 тэрбум төгрөгийг судалгаа, зураг төсөл, ТЭЗҮ зэрэг бүтээн байгуулалтын бэлтгэл ажлуудад зарцуулаад байна. Бусад Үйлдвэрлэл, технологийн паркуудын адил дэд бүтцийн хувьд авто зам, төмөр замын нэгдсэн сүлжээнд холбогдох боломжтой. Налайх хотыг түшиглэн байгуулж байгаа нь ажиллах хүч, түүхий эдийн хувьд нөөц хангалттай зэрэг давуу талтай. Тус паркт 50 гаруй барилгын материалын үйлдвэрлэлүүдийг байршуулан 1500 орчим ажлын байрыг шинээр бий болгохоор төлөвлөөд байна.
Налайх паркийг төлөвлөгдсөн бүрэн хүчин чадлаар ашиглалтад оруулахад шаардлагатай дэд бүтцэд нийт 60.9 сая долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй байна. Парк ашиглалтанд орсноор Монгол улсын барилгын материалын үйлдвэрлэл 2 дахин нэмэгдэнэ гэсэн тооцоо судалгаа гарсан байдаг. Мөн төлөвлөгдсөн бүрэн хүчин чадлаар ашиглалтанд оруулж, бүх дэд бүтэц үйлдвэрүүдийн бүтээн байгуулалтад нийт 90.7 сая долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн тооцоолол бий.
“Багахангай” үйлдвэрлэл, технологийн парк
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагын баримт бичиг, Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт Багахангай дүүргийг үйлдвэрлэл худалдаа хөгжсөн дагуул хот болгон хөгжүүлэх, хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркийн байгуулахаар тусгагдсан. Дээрх чиглэлүүдийн дагуу 2017 онд бид тус паркийг барьж байгуулахад шаардагдах судалгаа, Техник эдийн засгийн үндэслэлийг хийхээр төлөвлөн ажиллаж байна.
Тус дүүрэг нь барилгын материалын эрдэс түүхий эдийн нөөцтэй дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн, мөн Богд Хаан төмөр замыг Багахангай өртөөнөөс салаалхаар төлөвлөгдсөн зэрэг давуу талуудыг ашиглан тээвэр логистик, бөөний худалдаа, хүнс, хүнд болон хөнгөн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлүүдийг хөгжүүлэх боломжтой юм.