Монгол Улсын Засгийн газрын тэргүүн нь Ж.Эрдэнэбат. Уг нь засгийн газарт ганц тэргүүн буюу ганц л Ерөнхий сайд байдаг. Гэвч энэ удаагийн Засгийн газарт гурван Ерөнхий сайд бий болчхоод байна. Албан ёсны Ерөнхий сайдын эрх мэдэл, албан тушаалын эрэмбэ нь том мэт боловч танхим дотроо жижигдэх болжээ. Үүнийг нь хийж байгаа үйлдэл, хэлж байгаа үг, хийж байгаа ажлаас нь бүрэн харж болно.
Ж.Эрдэнэбат- Нэр нь л Ерөнхий сайд
Засгийн газрын 13 сайдын тоотой хэдхэн нь л Ерөнхий сайдынхаа үгийг сонсч, үйлдэл бүрийг нь хэрэгжүүлэх хэмжээнд хүрчээ. Ихэнх нь сайд нар нь Ерөнхий сайдын үгийг сонсохгүй, санаачилсан ажлыг нь хэрэгжүүлэхгүй хойш суух болсон талаар Засгийн газрынхан хоорондоо шивэр авир хийх болжээ. Засгийн газарт Ерөнхий сайдын үгэнд орж байгаа цөөхөн хэдэн сайдын нэг нь Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг. Мөн Эрчим хүчний сайд П.Ганхүү, Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр нар. Тэднээс өөр Ж.Эрдэнэбат гэдэг хүний үгэнд орж, Засгийн газрын ажлаа хийж байгаа хүн маруухан гэнэ.
Ж.Мөнхбат- Уг нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга.
Ерөнхий сайдаасаа илүү эрх мэдэлтэй болчихсон нэгэн бол Ж.Мөнхбат. Түүний хувьд сайд нарыг дагуулахаас гадна агентлаг, хэлтсийн дарга нарыг өөрийнхөө үгээр хөдөлгөх болсон гэнэ. Тухайлбал Монгол Улсын Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс гэж байдаг. Уг газрын ажил Ерөнхий сайдыгаа олон нийтэд сурталчлах биш ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатыгаа сурталчлах ажил дээр илүү анхаарах болоод удаж байна. Энэ мэт жижиг асуудал дээр л Ж.Мөнхбат нь Ж.Эрдэнэбатынхаа эрх мэдлээс том байр суурийг Засгийн газартаа эзлэх болсон гэдгийг харуулаад байна. Ж.Мөнхбатын хүрээлэл өдөр бүр тэлсээр өнөөдөр засгийн газрынхаа бараг л талыг нь атгачихаад сууж байна. Тухайлбал ОУВС-ын хөтөлбөрт орох боломжтой болсон тухайгаа сангийн сайд Б.Чойжилсүрэн Ерөнхий сайдад бус эхлээд ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатад уламжилсан гэх явган яриа саарал ордонд цуурайтаж байна. Хамгийн сүүлд л гэхэд Хэвлэл мэдээллийн удирдлагыг сангийн сайд Б.Чойжилсүрэн хүлээн авч уулзав. Ингэхдээ ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатыг тусгайлан урьж өмнө нь бөхөлзөж байхыг олон хүн харсан гэнэ билээ. Тэгэхээр Засгийн газрын санхүүгийн эрх мэдэл Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад бус ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатад шилжсэн бололтой.
У.Хүрэлсүх- Шадар сайд ч Ерөнхий сайд шиг хэвлэлд залрах болов
Зарчим, ажил хэрэгч дүр төрхийг өөртөө бий болгосон эрхэм бол У.Хүрэлсүх. Шадар сайдын ажлын эрхлэх хүрээнд Улсын онцгой комисс нэрийн дор өөрийнхөө ажлыг яаруу тодоор сурталчлан таниулж байгаа эрхэм бол тэр. Бараг л бүхий л телевизэд шадар сайдын цаг авчихжээ. Үүгээрээ өөрийгөө сурталчлах ажлыг маш сайн хийж байна. Зөвхөн гадагшаа сурталчилгаа хийхээс гадна Засгийн газарт ч өөрийн байр суурийг бат бөх хана мэт босгож чадсан байна. У.Хүрэлсүхийг 5 сайд ягштал дагах болсон тухай улс төрчид ярилцах болжээ. У.Хүрэлсүх МАН-ын бага хурлын өмнө хүчээ улам зузаатгаж байгаад Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх, эсвэл намын дарга болох санааг өвөртөлчихсөн. Иймээс ч засгийн газарт байр сууриа улам бэхжүүлэх нь түүнд ашигтай. Тэр нөхцөлд Ж.Эрдэнэбатыг өвдөг шороодуулан өөрөө Ерөнхий сайдын сэнтийд залрах бодол ч байж мэдэх юм.