Ц.Ганзориг: 226 орчим тэрбум төгрөгийг вакцин худалдан авахад зарцуулна. Эхний татан авалтын хоёр ч нислэг төлөвлөж байгаа
ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр албаныхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
- Энэ сарын 23-наас дархлаажуулалтын ажил эхэлнэ гэсэн ерөнхий мэдээлэл байгаа. Ямар вакцинаар дархлаажуулалтын ажил эхлэх вэ, энэ вакцин нь хөтөлбөрийн хүрээнд ирж байгаа вакцин уу, эсвэл манай улсын Засгийн газрын худалдан авч байгаа вакцин юм уу. Худалдан авч байгаа бол тээврийн зардлыг багтаагаад нэг хүн тун ямар өртгөөр ирж байгааг хэлж өгнө үү?
ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма: Эхний вакциныг хөл хорионы дэглэм дуусахаас өмнө хүлээж авах төлөвлөлттэй байгаа. Хадгалах, тээвэрлэх бэлтгэл хангагдсан.
ЗГОНХХ-ийн дарга Ц.Ганзориг: COVAX хөтөлбөрийн хүрээнд хүн амын 20 хувийг дархлаажуулах вакциныг өгч байгаа. Үүн дээр Засгийн газар 226 орчим тэрбум төгрөгийг вакцины худалдан авахад зарцуулахаар шийдвэрлүүлсэн. Төсөв мөнгөний хувьд шийдэгдээгүй асуудал байхгүй.
Энэ долоо хоногийн сүүлээр татан авалтын онгоцуудыг нисгэнэ. Хоёр ч нислэг төлөвлөж байгаа. Мэдээлэл тодорхой болохоор Та бүхэнд танилцуулъя. Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж байна.
- Өдөрт хэдэн хүнд вакцин хийхээр төлөвлөсөн бэ, хүн амынхаа 60 хувийг дархлаажуулж дуусахад ямар хугацаа зарцуулах вэ?
ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма: Өдөрт хэчнээн хүнд вакцин хийх тоо хараахан гараагүй байна. Вакцин хийлгэх хүний биеийн байдлыг үзэх, вакцинаа хийх, үргэлжлүүлэн хариу урвал гарах эсэхийг хянах гээд хугацаа шаардах байх. Үүнээс хамаараад өдөрт хэд байх талаар тоог хэлэх боломжгүй байна. Дархлаажуулалтын багийнхаа хүний нөөцөд тохируулан зохион байгуулна.
Дэлхий дахинд нийт хүн амыг дархлаажуулах вакцин бүтээгдээгүй байна. Бидний зүгээс вакцин хүлээн авсан даруйдаа дархлаажуулалтын ажлыг шуурхай зохион байгуулаад явна.
- Дархлаажуулалтад хамрагдсан хүмүүст сертификат өгөх үү?
ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма: Манай улс дархлаажуулалтад хамрагдсан хүмүүсийг бүртгэдэг цахим системтэй. Цахим систэмдээ бүртгээд, тэндээсээ сертификат гаргаж өгөх хөгжүүлэлтийг хийгээд явж байгаа. Олон талт хэлбэрээр вакцин хамрагдсан талаар лавлагааг гаргаж өгөхөөр бэлтгэл хангаж байна.