Засгийн газраас Сovid-19 халдварын талаарх өнөөдрийн /2021.02.18/ ээлжит мэдээлийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг нар хариуллаа.
-Өчигдөр Засгийн гарын хуралдаанаар ААН-ийг нээхтэй холбоотой тусгай журмыг баталсан. ААН-үүд ямар шаардлагыг зайлшгүй хангасан байх шаардлагатай вэ?
-Ц.Ганзориг: Эхний ээлжийн вакциныг энэ сарын 22-нд авчирна. Оксфордын Астразенека вакциныг энэ сарын 22-нд авчирч дараах өдрөөс нь вакцинжуулалтыг үе шатттай эхлүүлэхээр төлөвлөж байна. Нэг хүнд 2 тунгаар тооцвол 75 мянган хүнд тарих хэмжээний эхний ээлжийн вакцин гэсэн үг. Хоёрдугаар сарын 23-аас эхлэн ААН-үүд үйл ажиллагаагаа шат дараатайгаар нээнэ. Үүний хүрээнд УОК-ын дэд дарга Г.Сайханбаяр генералаар ахлуулсан ажлын хэсэг нийтлэг түр журмыг боловсруулаад өчигдөр танилцуулсан. Өнөөдөр бас боловсруулж байна. Энэ журмыг хоёрдугаар сарын 20 буюу нөгөөдөр дэлгэрэнгүй танилцуулна. Жишээ авахад үзвэрийн танхим байна. Кино театрууд танхимын багтаамжаас хамаараад хүн хоорондын зайг баримтлаад 30-50 хувийн дүүргэлттэйгээр үйл ажиллагаа явуулж болох нийтлэг журмыг боловсруулж байна. Фитнесс төвүүд мөн адил. 13 төрлийн 57 үйл ажиллагааны онцлогоос хамаараад зайлшгүй шаардлагууд тавигдаж байна. Тиймээс 100 хувь бүх ААН-ийг нээх эрсдэлтэй байгаа. Хоёрдугаар сарын 23-аас олонх бизнесийг нээнэ.
Гадны улсад хичнээн монгол иргэн халдварт өртөөд байна вэ? Эндэгдэл байгаа юу?
-Л.Мөнхтүшиг: Жил гаруйн хугацаанд элчин сайдын яамаар дамжиж халдвар авсан гэдгээ мэдэгдсэн тохиолдол 50 хүрэхгүй байна. Эдгээр дунд гадаад улсад суугаа манай улсын дипломат төлөөлөгчийн газрын 33 ажилтан бий. Өнөөдийн байдлаар Сovid-19 халдварын улмаас нас барсан гэх мэдээлэл байхгүй байна. Гадаад улсад байгаа монгол иргэдийг вакцинд хамруулах асуудал нь тухайн улсын Засгийн газраас гаргасан шийдвэрээс хамаарна. Олонх улс орнууд 2021 оны хоёрдугаар хагас, ялангуяа дөрөвдүгээр улиралд иргэдээ вакцинжуулалтад хамруулах бодлого барьж байна.
-Хоёрдугаар сарын 23-ыг хүртэл 413 мянган хүн шинжилгээнд хамрагдаж амжих уу?
-Ц.Ганзориг: Эхний долоо хоногийн хугацаанд 250 мянган хүнээс шинжилгээ авсан. 160 орчим иргэний шинжилгээ авах дутуу байна. Хоёрдугаар сарын 23-ны 06:00 цаг гэхэд нэгтгэсэн дүн гарч дуусна. Үүний дараагаар бизнесүүдээ нээх, 10 их наядын төлөвлөгөөг хэрэгжүүлэх эхний үе шатны ажил хэрэгжинэ.
-Тусгай үүргийн нислэгээр гадагш явах иргэд зайлшгүй вакцин болон PCR шинжилгээ өгсөн байх шаардлагатай юу?
-А.Амбасэлмаа: Бид өмнө нь гаргасан журмаараа гадагшаа явж байгаа иргэдэд ХӨСҮТ-ийн Вирус судлалын лавлагаа лабораторид шинжилгээ хийж, англи бланк дээр гаргаж өгч байгаа. Ер нь 10 гаруй вирус судлалын лаборатори ажиллаж байна. Үндэсний хэмжээний том манай лаборатори дэлхийн 130-аад улсын лабораторитой сүлжээтэй байдаг. Шаардлага гарвал тухайн иргэний шинжилгээг тэрхүү сүлжээгээрээ харах боломжтой. Олон улсад зөвшөөрөгдсөн бланк нь тухайн орны ХӨСҮТ гэсэн толгойтой, тамга тэмдэгтэй. Улс улсын оношлуурын үнэ нь өөр өөр байдаг. Үүнд тулгуурлаж гадаад явах иргэдийн шинжилгээг 150 мянган төгрөгөөр хийж байна. Цаашид ч гэсэн энэ үнээрээ шинжилгээг хийж явах болно.
– “Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд нийт 37 хүнээс халдвар илэрлээ. Энэ бүх тохиолдол шинэ голомт уу. Аль эсхүл өмнө нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал уу?
-А.Амбасэлмаа: 19 тохиолдол нь шинээр бүртгэгдсэн халдварын голомт гэсэн үг. 18 тохиолдол нь шинээр бүртгэгдсэн халдварын тохиолдлуудын гэр бүлийн хүмүүс байна. Хавьтлуудыг олж илрүүлэхэд хугацаа их шаардагдана.
-Тусгай үүргийн нислэгийн тийзийн үнийг бууруулах асуудал дээр тодорхой шийдэлд хүрсэн үү?
–Эцсийн шийдвэр хараахан гараагүй байна.
–Тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдэд тавиагдах үндсэн 5 шаардлага хэрэгжээд явах уу?
-Л.Мөнхтүшиг: Өнөөдрийн байдлаар эх орондоо ирэхээр бүртгүүлсэн 9143 хүн байна. Хүндэтгэн үзэх 5 шалтгаанаар нь дээрх хүмүүсийг ангилж байна. Гэхдээ энэ дотроо яаралтай нутаг буцах хүсэлтэй хүний тоог нарийвчлан гаргаж байна. Өнөөдрийн байдлаар 2773 хүн байна. Хүндэтгэн үзэх таван шалгуурыг өнгөрсөн 2020 оны гуравдугаар сард гаргасан. Үндсэндээ 3-4 сард тусгай үүргийн нислэгийг эрчимжүүлээд тавдугаар сард нөхцөл байдал хэвийн байдалд шилжинэ.
–Тусгаалалтын 14 хоногийг 10 хоног болгосон. Өмнө нь 21 хоног тусгаарлаж байсан. Харин дэлхий дахинд 14 хоног тусгаарлаж байна. Тэгэхээр УОК, Засгийн газрын шийдвэрийн улмаас хохирсон иргэдэд нөхөн төлбөр олгох уу?
-А.Амбасэлмаа: Халдварын нууц үеийн хугацаа 14 хоног. 10 хоног ажиглан тусгаарлах байранд байлгаад дөрөв хоног гэрийн ажиглалтад шилжүүлэхээр болсон. Өөрийн улс оры нөхцөл байдалд тохируулан арга хэмжээг авсаар ирсэн. Тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийг 21 хоног тусгаарлан гурван удаа шинжилгээ авдаг байсан. 18-20 дахь хоногтоо халдвар илрэх тохиолдол ч байсан. Тухайн үеийн хариу арга хэмжээ оновчтой байсан учраас улс орондоо халдвар алдахгүй 10 сар болсон.
-Ц.Ганзориг: 2019 оны сүүлээр БНХАУ-д халдвар тархсан. Монгол Улс 2020 оны нэгдүгээр сарын сүүлээр арга хэмжээ авч эхэлсэн. Хэдий өнгөрсөн хугацааны арга хэмжээнүүд хэт хатуу боловч улс орны хэмжээний том эрх ашгийг хамгаалахын тулд байсан. Улмаар халдварыг дотооддоо алдаагүй НҮБ-ийн хамгийн сүүлд үлдсэн таван орны нэг байсан 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ийг хүртэл. Хил дотроо халдварыг алдахгүйн тулд тусгаарлалтын хугацааг 21 хоногоор тогтоож байсан.
-Нэгдүгээр сарын 29-нд БЗД-ийн 5 хорооны зургадугаар байрны орцонд нэг эмэгтэй байр үзэж яваад тусгаарлалтад орсон. Бие засах газаргүй, хоол ундгүй 30 цаг орцонд байсан байна. Тус эмэгтэй 30 цагийн дараа орцноос гарсан байна. Энэ талаарх мэдээллийг холбогдох байгууллагууд өнөөдрийг хүртэл өгөөгүй. Үнэхээр хүнлэг бус явдал гэж харж байна.
-А.Амбасэлмаа: Манайд мэдээлэл ирээгүй учраас судлаад хариу өгье.
-Ц.Ганзориг: Засгийн газарт үүнтэй холбоотой гомдол ирээгүй. Надад өдөрт 200 орчим өргөдөл гомдол ирдэг. Үүнийг лавлаж асууна.
-QR кодыг хэрэглээнд нэвтрүүлснээр хавьтагч илрүүлсэн тохиолдол байгаа юу. QR код ашиглахын ач холбогдол гарсан уу?
-А.Амбасэлмаа: QR кодоор нь хөөж хавьтлыг илрүүлсэн тохиолдол одоогоор байхгүй. Халдварын батлагдсан тохиолдол илэрмэгц тагнуул, цагдаа, онцгой байдал болон эрүүл мэндийн байгууллага маш хурдан ажиллаж, 24 цагийн дотор бүх хавьтлыг илрүүлэн тусгаарладаг. Тиймээс хавьтал болсон иргэд гадуур тэр бүр явах боломж байхгүй. Гэхдээ энэ цар тахлын вирус учраас хэн ч хэзээ ч хаанаас ч халдвар авах эрсдэл бий. Цаашид халдварын тохиолдол нэмэгдэж, нийтийг хамарсан тохиолдолд энэ бол маш хэрэгтэй арга хэмжээ. Харин одоо кластерлаж халдвар гарсан учраас голомт голомтоор нь хавьтлуудаа илрүүлж байгаа.
-Орон гэргүй иргэдийг PCR шинжилгээнд хэрхэн хамруулж байгаа вэ?
-Ц.Ганзориг: УОК, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, цагдаагийн байгууллагаас Улаанбаатар хотод орон гэргүй 850 орчим иргэний судалгааг гаргаад дөрвөн ТББ-тай хамтран нийгмийн хамгааллын төвд байршуулж, орон байраар хангаж байна. Хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар нийт 107 иргэнийг Covid-19 илрүүлэх шинжилгээнд хамруулсан. Хороо, дүүргийн Засаг дарга нар нь тухайн иргэдийг шинжилгээнд хамруулан орон байраар хангах ажлыг нийслэлийн зүгээс цагдаагийн байгууллагатай хамтарч зохион байгуулж байгаа.