ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори гадаад явах иргэдийн шинжилгээг 150 мянган төгрөгийн төлбөртэй хийдэг
Тусгай үүргийн нислэгээр гадаад улс руу явж буй иргэд яагаад заавал ХӨСҮТ-ийн лабораторид шинжилгээ өгдөг болохыг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа тайлбарлалаа.
Тэрбээр "Гадагшаа явж байгаа иргэд ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораторид шинжилгээ өгч, шинжилгээний хариуг англи бланк дээр гаргаж өгч байгаа. Нийтдээ 10 гаруй лабораторид шинжилгээ авч байгаа бөгөөд үндэсний хэмжээний лавлагаа лаборатори нь ХӨСҮТ-ийнх юм.
ХӨСҮТ-ийн лавлагаа лаборатори дэлхийн 130 гаруй орны лабораториудтай сүлжээ бөгөөд шаардлага гарвал тус сүлжээгээр иргэдийн шинжилгээний хариуг харах боломжтой. Тийм учраас лавлагаа лабораторид шинжилгээ хийж байгаа. Олон улсад зөвшөөрөгдсөн бланк нь тухайн орны ХӨСҮТ гэсэн толгойтой, тамга тэмдэгтэй. Үүн дээрээ урвалж, оношлуурын өртөг зардал гээд 150 мянган төгрөгөөр шинжилгээг хийж байгаа" гэв.