С.Энхболд: Коронавирусийн вакцины хоёр тунгаа хийлгэсэн хүнд гадаадад зорчих карт олгоно
Эдийн засагч, Дефакто Д.Жаргалсайхан өөрийн багийн хамт Clubhouse аппликэйшнд Defacto Club-ийг нээсэн. Тус клуб цуврал болгон явуулж буй ярилцлагын хоёрдугаар сарын 18-ны өдрийн зочноор Эрүүл мэндийн сайд С.Энхболд оролцож, вакцинжуулалтын талаарх мэдээллийг өглөө.
Defacto Club долоо хоног бүр хоёр удаа цаг үеийн асуудлаар салбарын зочдыг урин ярилцлага хийх бөгөөд багийн зөвшөөрлийн дагуу Эрүүл мэндийн сайд С.Энхболдын вакцинжуулалтын талаар өгсөн мэдээллээс хүргэж байна.
ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮСИЙН 80 ГАРУЙ ХУВЬД ШИНЖ ТЭМДЭГ ИЛРЭЭГҮЙ
Эрүүл мэндийн сайд гурав дахь удаагийн хөл хорио дараах гурван үр дүнг авчирна гэдгийг ярилцлагынхаа эхэнд онцолсон. Тодруулбал,
- Нийслэлд байгаа голомтын тархалтыг тандалт хийж хумих,
- Одоогоор бүртгэгдээд байгаа халдвар авагсадын 80 гаруй хувь нь хөнгөн хэлбэртэй, эмнэлзүйн шинж тэмдэггүй байгаа тул эдгээрийг илрүүлж гаргах,
- Вакцинжуулалтад бэлтгэх гэсэн гурван зорилгын хүрээнд 12 хоногийн хугацаатай хөл хориог тогтоосон байна.
Тэрбээр “Цар тахлын үед хамгийн чухал нь хөл хорио. Өмнөх Засгийн газар, Эрүүл мэндийн яам 2020 онд дотооддоо халдвар авахгүй байх талаар арга хэмжээг авч, улмаар дотоодод халдвар гарсны дараа тухай бүр нь тохирсон арга хэмжээг авч байсан. Энэ удаагийн хөл хорио тогтоох хугацааг эрдэмтдийн судалгаагаар хоёрдугаар сарын 11-нээс 23-ны хооронд байхаар санал оруулж, батлуулсан. Хөл хорионы үед Нэг хаалга нэг шинжилгээг Засгийн газар, Улсын онцгой комисстой хамтран хийж байна” гэлээ.
Хөл хорио тогтоосон хоёрдугаар сарын 11-нээс 18-ны хооронд шинэ коронавирусийн шинжилгээнд 357,000 хүн хамрагдсан бөгөөд үүний 236,000 нь “Нэг өрх-нэг шинжилгээ” ажлын хүрээнд хамрагдсан байна. Шинжилгээ авах ажилд нийт 1900 орчим ажилтан ажилласан бөгөөд нийслэлийн хэмжээнд 14 лаборатори дээр 24 цагаар, сорьц цуглуулж байгаа ажилчид 09-20:00 цаг хүртэл ажиллаж байгааг салбарын сайд нь онцолсон юм.
2021 ОНЫ 11-Р САРД БАГТААН ХҮН АМЫНХАА 60 ХУВИЙГ ВАКЦИНЖУУЛАЛТАД ХАМРУУЛНА
Манай улсын хувьд хоёрдугаар сарын 23-наас эхлэн вакцинжуулалтыг эхлэх бөгөөд эхний ээлжинд БНЭУ-аас “Астразенека” вакцин 150 мянган хүн тунг даваа гарагт авч ирэх юм байна.
Вакцин хийх дарааллын тухайд Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Вакцинжуулалттай холбоотой хоёр хэсэг зорилтот бүлгийг гаргасан. Эхний ээлжинд 150 мянган тун вакциныг эмч, тусгай албан хаагчдаа вакцинжуулна. Нийтдээ хүн амын 60 хувийг дархлаажуулахаар зорьж байна. Төр болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн ажилтан 56,000 хүн, хариу арга хэмжээнд ажиллаж буй алба хаагчид буюу цагдаа, цэрэг, хил хамгаалах зэрэг салбарын 53,000 орчим, 50-иас дээш насны өндөр настан, архаг хууч, суурь өвчтэй, эрхтэн шилжүүлэн суулгасан, гемодиализийн аппаратад ордог зэрэг хүмүүсийг эхний ээлжинд хамруулна. Үүний дараагаар үйл ажиллагаа тогтвортой байх эрчим хүч, харилцаа холбоо гэх мэт салбарын 20 хувийг хамруулна гээд үе шаттайгаар явна. Хүн амын 60 хувийг вакцинжуулахад 2 тунгаар хийхэд 2021 оны 11-р сар гэхэд бүрэн хамруулна гэсэн төлөвлөгөө гарсан” гэсэн юм.
Манай улсын хувьд 18-аас дээш насны хүн ам 2,1 сая байгаа бөгөөд одоогоор 18 ба түүнээс доош насныхныг вакцинжуулалтад хамруулах ажил дэлхий нийтэд судалгааны шатанд явааг тэрбээр нэмж хэллээ.
ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ТАРХАЛТЫГ ЗОГСООХ, УСТГАХ АРГА НЬ ВАКЦИНЖУУЛАЛТ
Эрүүл мэндийн сайд С.Энхболд халдварт өвчний тархалтыг зогсоох, устгах арга нь вакцинжуулалт гэдгийг яриандаа тодотгосон. Вакцин сайн дурынх байдаг. Хийлгэхгүй гэвэл хэрхэх талаар тодруулахад хуульд заасны дагуу иргэн дархлаажуулалтад хамрагдахгүй бол бичгээр баталгаажуулж авах юм байна. Харин эрүүл мэндийн салбар гэх мэт зайлшгүй хийлгэх шаардлагатай зорилтот бүлгийн хувьд хуульд зааснаар заавал вакцинжуулалтад хамрагдах ёстойг хэллээ.
Мөн вакцинжуулалтын хоёр тундаа хамрагдсан иргэнийг хурууны хээ болон иргэний үнэмлэхийн QR кодыг идэвхжүүлэн, хоёр тунгаа авсан хүнд гадаадад зорчих карт, сертификат олгох технологийн шийдлийг хийж байгаа юм байна. Олон улсад ч мөн адил ДЭМБ-ийн вакцинжуулалтын дэвтрийг үндэслэн хил дамнан зорчих боломж олгох талаар жишээг тэрбээр яриандаа дурдсан.
ВАКЦИНЫ ҮНЭ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАРДАЛД НИЙТДЭЭ 226 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨСӨВЛӨСӨН
Манай улс вакцинжуулалтаа нийт дөрвөн төрлийн вакцинаар хийхээр болсон. Эхний ээлжинд Даваа гарагт БНЭУ-аас “Астразенека” вакцин ирэх бөгөөд Оксфордын гаргасан вакциныг нэг хүнд хоёр тун гэж тооцон 75,000 хүнд хийх юм. “Астразенека” вакциныг БНЭУ, БНСУ-аас авах бөгөөд Файзер вакциныг 25,740 хүн тунг авахаар хэлэлцээр үргэлжилж байна. Харин БНХАУ-ын Синофарм, ОХУ-ын Спутник В вакцинуудыг ДЭМБ 3-4 дүгээр сард баталгаажуулан бүртгэж авахаа мэдэгдээд байгаа гэдгийг хэллээ.
БНХАУ, ОХУ тусламжаар тодорхой тооны вакцин өгөх бөгөөд худлдан авалт хийх ажлуудыг ч эхлүүлээд байна
БНХАУ, ОХУ тусламжаар тодорхой тооны вакцин өгөх бөгөөд худлдан авалт хийх ажлуудыг ч эхлүүлээд байгааг салбарын сайд ярилцлагын үеэр хэлсэн юм. Ингээд нийт дөрвөн төрлийн вакцинаар хүн амын 60 хувиа вакцинжуулахад Засгийн газар баталсан төсөл хөтөлбөр болон худалдан авалт гээд 226 тэрбум төгрөгийг баталжээ. Үүнд вакцин худалдан авах, үйл ажиллагааны зардал бүгд багтсан байна. Ингээд бүх иргэнээ үнэ төлбөргүй вакцинжуулна.
Вакцины нэгжийг дүүргийн нэгдсэн болон төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгүүдээр хийнэ. Учир нь манай улсад судлагдаагүй тул яаралтай тусламж, сэхээн амьдруулах тасагтай эмнэлгүүд дээр түшиглэж хийх бөгөөд вакцинтай холбоотой журмыг маргаанаас баталж гаргах юм байна.
Манай улсад хийх дөрвөн вакцин бүгд хоёр тун хийх заалттай бөгөөд хоорондын хугацаа нь 21-28 хоног. Хоёр тун вакцин нэг үйлдвэрийнх байх ёстой бөгөөд нэг хүнд хоёр тун гэж тооцон шууд хадгалах тул вакцин тасалдсанаас үүдэн дараагийн тун хийлгэж чадаагүй гэх асуудал гарахгүй гэв.
Эхний ээлжинд ганц Астразенека вакцин ирж байгаа бөгөөд зорилгот бүлэг хэмээн эмч эмнэлгийн ажилтан, цагдаа гэх мэт салбарынхныг хамруулж буй. Манай авч буй вакцинууд үнэ болон үр дүн өөр байгаа тул эдгээр салбарынхан сонголтгүй вакцин хийлгэхээр болж байгаа юм. Тэгвэл эхний ээлжинд ирэх Астразенека вакцины эхний тунг Ерөнхий сайд хийлгэх бол хоёр дахь тунг Эрүүл мэндийн сайд хийлгэж салбарынхныгаа уриална гэдгээ ярилцлагынхаа үеэр тодотгов.