Орон сууцны үнийн ерөнхий индекс энэ оны нэгдүгээр сарын байдлаар 1.167 нэгж хүрч, өмнөх сараас 1.01 хувиар буурсан талаар “Тэнхлэг зууч” компаниас мэдээллээ.
Харин өмнөх жилтэй харьцуулбал 5.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Ерөнхий индексийг харвал шинэ орон сууцны үнийн индекс нэгдүгээр сарын байдлаар 1.317 нэгж хүрч, өмнөх сараас 2.1 хувиар өсжээ. Ингэснээр өнгөрсөн оны аравдугаар сараас хойших өсөлтөө хадгалсаар байна. Харин хуучин орон сууцны үнийн индекс 1.015 нэгж хүрч, өмнөх сараас бага зэрэг буурчээ.
Нэгдүгээр сарын байдлаар Улаанбаатар хотод захиалга авч буй шинэ орон сууцны төслүүдийн дундаж үнэ 2.5 сая төгрөг хүрсэн байна. Энэ нь өмнөх сараас бараг хоёр хувиар , өмнөх оны мөн үеэс 3.7 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
Шинэ орон сууцны дундаж үнийг дүүргээр нь харвал Чингэлтэй болон Сүхбаатар дүүрэгт нэг метр квадратын дундаж үнэ 3.3-3.4 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Хэдий тийм боловч Чингэлтэй дүүрэгт шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үеэс 5.2 хувиар буурсан нь хамгийн өндөр бууралтыг харуулж байна. Үүнд гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдаж буй төсөл нэмэгдсэн нь голлох нөлөө үзүүлснийг “Тэнхлэг зууч”-аас мэдээллээ.