NASA-гийн робот станц Ангараг гарагт амжилттай газардаж, анхны гэрэл зургаа ирүүлжээ

NASA-гийн робот станц Ангараг гарагт амжилттай газардаж, анхны гэрэл зургаа ирүүлжээ

Улаанбаатарын цагаар өнөөдөр өглөө үүрээр NASA-гийн Ангараг гараг руу илгээсэн Perseverance судалгааны робот станц амжилттай газарджээ.

Станц долоон сарын өмнө дэлхийгээс хөөрсөн бөгөөд 470 сая километр урт зам туулсны эцэст Ангараг гарагт хүрсэн юм. Зургаан дугуйтай Perseverance станц тус гараг дээр амьдрал оршиж байсныг батлах зорилготой. Хамгийн богинодоо хоёр жилийн хугацаанд Езеро гэгддэг эртний нуурын ёроол байсан хонхорт ажиллах юм.

Станц амжилттай газардсан тухай дохиог өглөөний 4:55 цагт NASA хүлээж авчээ.

Үүний дараа Perseverance станцын газардмагцаа буулгасан хоёр гэрэл зургийг хүлээн авсан байна. Техникийн зориулалтаар ашигладаг камерны дуран тоосонд дарагдсан ч станцын урд хойд хоёр тал руу авсан нягтрал багатай зурагт Ангарагийн гадарга тод дүрслэгджээ.

 

NASA хоёр дахь удаагаа нэг тонн жинтэй робот станцыг Ангарагт амжилттай буулгасан нь энэ юм.

2012 онд Curiosity нэртэй анхны том станцаа буулгаж байжээ.

Ангараг гарагт нийтдээ 14 удаа робот станц буулгах оролдлого хийснээс найм нь амжилттай болж байв. Эдгээр найм нь бүгд NASA-гийн станцууд байжээ.

Perseverance станцын газардсан Езеро хонхор нь 45 км өргөнтэй, Босни-Герцеговина улсын нэгэн тосгоны нэрээр нэрлэгдсэн газар юм. Езеро нь зарим слав хэлэнд “нуур” гэсэн утгыг илэрхийлдэг.

Эндээс цуглуулсан чулуулгын дээжээ Perseverance станц цилиндр хэлбэрийн жижиг савнуудад хийж үлдээх юм.

NASA болон Европын Сансар Судлалын Агентлаг ESA эдгээрийг арав орчим жилийн дараа цуглуулж, дэлхийд авчрах олон тэрбумын өртөгтэй төсөл дээр ажиллаж байгаа.

Өөрөөр хэлбэл эдгээр савнуудыг цуглуулах дараагийн робот станц, Ангарагийн гадаргаас хөөргөх пуужин, дэлхийд тээвэрлэж авчрах том хөлгийг одоо зохион бүтээхээр ажиллаж байгаа гэсэн үг юм.

Ангарагийн чулуулгын дээжийг дэлхийд авчирсан тохиолдолд л тус гараг дээр олон тэрбум жилийн өмнө амьдрал оршиж байсан эсэхийг хэлж чадах ажээ.

 

Эх сурвалж: BBC