С.Энхболд: Монгол улсын хүн амын 60 хувь буюу 18 наснаас дээш хүн амд ковид-19-ын эсрэг вакцин хийнэ
Халдварт өвчний тархалтыг зогсоох, устгах арга нь вакцинжуулалт хэмээн Эрүүл мэндийн сайд С.Энхболд 2021 оны 2 дугаар сарын 18 өдөр Clubhous олон нийтийн сүлжээнд De Facto Жаргалсайхантай ярилцахдаа онцлон дурдлаа.
“ДЭМБ-ын зөвлөснөөр AstraZeneca, Pfizer вакциныг оруулж ирэхээр Монгол Улсын Засгийн газар ажиллаж буй. Эхний ээлжийн вакциныг Монголд оруулж ирэх тээвэрлэлтийн асуудлыг шийдвэрлээд явж байна. Эхний ээлжинд Оксфордын гаргасан AstraZeneca вакциныг оруулж ирнэ.
Вакцинжуулалтыг нийт хүн амын 60 хувьд хийнэ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 18 наснаас дээш хүн амд ковид-19-ын эсрэг вакциныг тарих зөвлөмжийг өгч буй. Энэ хүрээнд викцинжуулалт хийгдэх юм. Вакцинжуулалтыг хийхдээ 7 хэсэгт хувааж хүн амаа эрүүлжүүлэх болно.
- Төр болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн ажилтан 56,000 хүн,
- цагдаа 53,000 орчим,
- 50-аас дээш насны өндөр настан, архаг хууч, суурь өвчтэй эрхтэн шилжүүлэн суулгасан, гемодиализ, дараагийнх нь үйл ажиллагаа тогтвортой байх салбарын 20 хувьд хийнэ.
Энэтхэгээс 150 мянган хүн тун вакцин авахаас гадна Солонгосоос татна. Урд, хойд хөршөөс тодорхой хэмжээний вакциныг тусламж болон худалдан авах төлөвлөгөө гаргасан. Вакцин бүр хоёр тун хийлгэх шаардлагатай. Вакцины эхний тунг хийлгэснээс 21-28 хоногийн дараа хоёр дахь тунгаа хийлгэнэ” гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зөвлөж байгаа билээ.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд үндсэн мэдээллийн дараагаар бусад оролцогчийн асуултад хариулсан юм. Түүний хариултуудаас онцлох мэдээллүүдийг нэгтгэв.
- Хуульд зааснаар вакцин нь сайн дурын үндсэн дээр хийдэг. Иймд тухайн иргэн вакцин хийлгэхийг хүсэхгүй тохиолдолд дархлаажуулалтын талаарх эрх, үүргийн хүрээнд, эрүүл мэндийн бичгээр баталгаажуулж авна.
- 2021 ондоо багтаж улсынхаа хүн амын 60 хувьд тус бүр хоёр тун вакцин хийнэ гэсэн төлөвлөгөө гаргасан. Үүнтэй холбоотой хөрөнгийг ч мөн шийдвэрлэсэн. Тодруулбал, Дэлхийн банкнаас 51 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авсан ба Засгийн газраас вакцинжуулалттай холбоотойгоор 226 тэрбум төгрөгийг баталсан. Үүнд вакцин худалдан авах, үйл ажиллагааны зардал багтсан.
- Бүх иргэнээ үнэ төлбөргүй вакцинжуулна гэж хуульд заасан.
- Хурууны хээ, иргэний үнэмлэхийн QR кодыг идэвхжүүлнэ. Хоёр тунгаа хийлгэсэн хүн гадаадад зорчих бол карт өгнө. ДЭМБ дэвтэр гэж байдаг. Түүнд үндэслэн вакцин хийлгэсэн иргэдийн мэдээллийг бүртгэж, нотломж олгоно.
- Pfizer-ийн 25,740 хүн тун вакцин ирнэ. ОХУ-ын үйлдвэрлэж буй Спутник В вакциныг хоёрдугаар сарын 9-нд Хүний эмийн зөвлөлөөр оруулж Монгол улс бүртгэж авсан.
- Вакциныг дүүргийн нэгдсэн болон төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгүүдээр хийнэ. Судлагдаагүй учир яаралтай тусламж, сэхээн амьдруулах тасагтай эмнэлгүүд дээр түшиглэж хийхээр төлөвлөсөн. Эхний ээлжинд Улаанбаатар хотын хүн амыг вакцинжуулах ажил хийнэ.
Монгол Улсын хувьд 4 төрлийн вакциныг оруулж ирэхээр төлөвлөж буй. Эхний вакцин өнөө маргаашгүй орж ирэн 2 дугаар сарын 23 өдрөөс эрүүл мэндийн салбарын ажилтан тариулж эхлэх хуваарьтай байгаа. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анхны тунг өөртөө хийлгэнэ гэдгээ мэдэгдсэн.