Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Энэ сарын 23-наас аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа нь эхэлж байгаатай холбогдуулан дэглэмээ зөрчвөл хэрхэх талаар зохицуулав. Хэрэв аж ахуйн нэгжүүд дэглэмээ зөрчиж, халдвар тархах нөхцөл үүсгэвэл үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авна гэдгийг мэдэгдлээ.
Тодруулбал, энэ сарын 23 буюу маргааш аж ахуйн нэгжүүдийн 95 хувь нь ажиллана. Нийслэлийн иргэд одоо дөрөвдүгээр зэргийн хязгаарлалтын түвшинд байгаа бол хоёрдугаар түвшин рүү шилжинэ. Үүнтэй холбогдуулан нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 14 төрлийн 86 чиглэлээр түр журам боловсруулжээ. Тухайлбал, хоол үйлдвэрлэл боловсруулах чиглэлийн байгууллагаар иргэд амны хаалтаа зүүж, QR код уншуулж үйлчлүүлнэ. Тухайн газар ширээ сандлыг хоёр метрийн зайтай байршуулж, гар ариутгагч байрлуулж, дотоод хяналтын ажилтан ажиллуулах юм.
Хөл хорионы хугацаанд “Нэг хаалга-Нэг шинжилгээ” ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт коронавирусийн халдвар тархах өндөр магадлалтай гэсэн тооцоо гаргажээ. Тус тооцооллоор Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд өндөр магадлалтай бөгөөд уг хороонд арван хүн коронавирусийн халдвар авсныг тогтоосон байна.