А.Амбасэлмаа: Бүх дүүрэгт халдварын голомт бий тул халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлах хэрэгтэй
Нийслэлийн есөн дүүрэгт халдварын голомт идэвхтэй байгаа тул иргэдийг хатуу хөл хорио дуусаж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн ч халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахих ёстойг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.
Сүүлийн 24 цагт шинэ коронавирусийн халдварын 55 тохиолдол илэрч, манай улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 2693 болсон. Хөл хорионы хугацаанд эхлүүлсэн Нэг өрх нэг шинжилгээний хүрээнд 24 халдвар илрээд байгаа юм.
Энэ талаар А.Амбасэлмаа "Нэг хаалга-Нэг шинжилгээнээс илэрсэн 24 тохиолдлын 9 нь анхны шинжилгээгээр, 15 нь дээрх есөн тохиолдлын ойрын хавьтал. 12 хоногийн хугацаанд зохион байгуулсан "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-гээр нийт 102 иргэнээс халдвар илэрлээ. Үүний 50 нь анхны тохиолдлууд бол 52 нь ойрын хавьтлууд байна. Харин өчигдөр илэрсэн 31 тохиолдол нь өмнөх кластер өвчлөлийн ойрын хавьтлын анхны болон давтан шинжилгээнээс халдвар илэрсэн. Өнөөдрийн байдлаар бүх дүүрэгт халдварын голомт байгаа тул маргаашаас эхлэн хөл хориог сулгуулж байгаа хэдий ч иргэд халдвар, хамгааллын дэглэмийг сайтар сахих нь зүйтэй" гэсэн юм.
Маргаашаас эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин, үйл ажиллагааг нээж байгаа бөгөөд халдвар гарч буй цэгүүдэд хязгаарлалтыг хийх юм. Тодруулбал, халдвар гараад буй, ойрын хавьтлаас илэрсэн дүүргийн мэдээллийг гаргасан бөгөөд тухайн хэсэгт хэсэгчилсэн хязгаарлалтыг хийх юм байна.
2021.02.10-18-ны өдрүүдэд батлагдсан Ковид-19 халдварын 360 тохиолдлын бүртгэлийг нэгдсэн мэдээллийн санд бүртгэж орон зайн дүн шинжилгээний арга аргачлалаар тархалт, нягтрал, тархалтын чиг хандлагыг тооцоолсон. Энэхүү зурагт улаан өнгөөр “Нэг хаалга-Нэг шинжилгээ” нэгдсэн тандалт, илрүүлгийн арга хэмжээний хүрээнд илэрсэн 68 тохиолдол болон түүний идэвхжилт, цэнхэр өнгөөр 2021.02.10-2021.02.18-ны өдрүүдэд батлагдсан Ковид-19 халдварын өндөр эрсдэл бүхий орон зайн тооцооллыг харуулж байна.
Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдийн хувьд “Нэг хаалга-Нэг шинжилгээ” нэгдсэн тандалт, илрүүлгийн арга хэмжээ бүрэн дууссан бөгөөд шинжилгээний үр дүнг харахад Орон зайн дүн шинжилгээний багийн боловсруулсан Ковид-19 халдварын идэвхжлийн хэсэгтэй таарч байна. Тус прогнозоос харахад цаашид хийх “Нэг хаалга-Нэг шинжилгээ” нэгдсэн тандалт, илрүүлгийн арга хэмжээ үргэлжлэн явагдах Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн зарим хороодод халдвар илрэх магадлал өндөр байна. Иймээс эрсдэл бүхий хороодод хэсэгчилсэн хөл хориог үргэлжлүүлэн зохион байгуулах, халдварын идэвхтэй хэсэгт оршин суудаг иргэд, төрийн албан хаагчид халдварын нууц үед гэрээсээ ажиллах, нийтийн тээвэр, олон нийтийн газраар зорчихгүй байх зэрэг Нийслэлийн онцгой комиссын зүгээс зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллах юм.