Монгол Улсын засгийн газар эрүүл мэнд-эдийн засаг хмадаа нэгдүгээрт гэж үзсэн билээ. Энэ хүрээндээ 10 их наядын хөтөлбөр гаргаж буйгаа зарласан. Уг хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд нэн тэргүүнд Улаанбаатар хотын өрх бүрээс шинжилгээ авч ковид-19 өвчлөлийн тархалтыг тогтоох, хумьж авах арга боломжийг эрэлхийлж өнгөрсөн 12 хоногт хөл хорио тогтоогоод байна.
Ковид-19 вирусээс урьдчилан сэргийлж эдийн засгаа хамгаалах, мөн хүн амын эрүүл мэндийг хамгаалахын тулд вакцинжуулах ажлыг яаралтай эхлүүлэх гэж байна. Уг ажлын бэлтгэл болгож нэг хаалга-нэг шинжилгээ үйл ажиллагааг амжилттай зохион байгуулав.
2021 оны 2 дугаар сарын 22 өдөр БНЭУ-ын засгийн газрын буцалтгүй тусламжаар олгогдож буй 150 мянган тун Астразенека вакциныг Монголд оруулж ирлээ. Уг вакцинаар эрүүл мэндийн салбарын болон цагдаа, онцгой гааль зэрэг байгууллагын албан хаагчдыг тарихаар төлөвлөөд байна.
Л.Оюун-Эрдэнээр толгойлуулсан засгийн газар хурдтай ажиллаж вакцинжуулах ажлыг богино хугацаанд зохион байгуулан эхлүүлэх бэлтгэлээ базаачихлаа. 2021 оны 2 дугаар сарын 23 өдөр вакцинжуулах ажил эхлэх гэж байна. Анхны тун вакциныг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хийлгэнэ. Ийнхүү засгийн газар хүн амыг эрүүлжүүлэх бодлогынхоо хүрээнд вакцин оруулж ирээд тариад эхлэв.
Гэтэл нөгөө талд нь вакцинжуулалтыг эсэргүүцсэн бүлэг этгээд гарчихсан. Тэд вакцин хийлгэхгүй, вакцин хийлгэж эрүүл мэндээ хохироохгүй хэмээн чанга дуугарч буй. Нийгмийн сүлжээнд өрнөж буй уг хэлэлцүүлгийг нэг талаасаа улс төржсөн алхам. нөгөө талдаа нэр бүхий улс төрчийн явуулга хэмээн таамаг дэвшүүлж, цуу яриа болгон тарааж буй. Иргэд цэвэр итгэл үнэмшил дээрээ уг яриаг үүсгэж байгаа гэхэд эргэлзээтэй гэдгийг зарим хүмүүс мөн өөрийн цахим сүлжээнд бичээд эхэлжээ. Ямартай ч нийгэмд вакцин хүлээж, тариулах боломжоо хайсан хэсэг байхад вакцин муу муухай гэж хэлээд сууж буй хэсэг ч байна. Гэхдээ тэд улс төржиж байхыг үгүйсгэхгүй юм.
Яг энэ эгзэгтэй үед Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-д албан айлчлал хийх яриа чих дэлсэв. Энэ ярианаас өмнө ОХУ-аас өөрийн улсын үйлдвэрлэж буй Спутник В вакцин 20 мянган тунг Монгол улсад хандивлана гэх мэдээлэл гарсан билээ. ОХУ-ын хувьд өөрийн улсын эрдэмтдийн зохион бүтээсэн спутник в вакциныг хүн амдаа тарьж эхэлсэн бөгөөд үр дүн ямар байгаа талаарх албан ёсны мэдээлэл гараагүй байна. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд гарч буй мэдээллээр бол уг вакцин нь 95 хувийн үр дүнтэй гэж бичжээ.
Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга вакцин авчирсан нэр олж зүүхийн тулд ОХУ-д айлчлал хийх гэж байна гэх таамаг яриаг улс төрийн хүрээнийхэн гаргаж эхлэв. Учир нь нийгмийн сүлжээнд олон иргэн ОХУ-ын спутник в вакцинд итгэж буйгаа илэрхийлэх болсон. Иймээс Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уг айлчлалын хүрээнд ОХУ-аас өгөх тусламжийн вакциныг авчрах, үүгээрээ дамжуулан нэр хүндээ өсгөх гэж байна гэх таамаг мэдээлэл гарч эхэллээ.