Аж ахуй нэгжүүдэд гарын авлага очно. Ажилтан бүр маскаа тогтмол зүүх, ариутгалын бүхээг байршуулж, агаар тогтмол сэлгэх зэрэг өмнө нь хэрэгжүүлж байсан алхмууд багтсан. QR кодыг үйлчлүүлэгч бүрт хүртээмжтэй нааж, шилэн, хуванцар хаалт хийж, худалдааны талбай, танхимд хооллохыг хориглоно. Кофе шоп, буфет, ресторан, кароке зэрэг газрууд үйлчилгээ явуулахдаа хоёр метрийн зайтай ширээнүүдийг байрлуулж, болж өгвөл шилэн хаалт хийх хэрэгтэй. Төлбөр тооцоог цахим хэлбэрээр хийх. Аль болох бэлэн мөнгөнөөс зайлсхийнэ. Караокены микрофонд бүрхэвч хийж, тогтмол сольж байх хэрэгтэй. Хүргэлтийн ажилчид халдвар хамгааллын дэглэмийг чанд сахина. Нийтийн халуун ус, саун, бассейны хувьд бөөгнөрөл үүсгэхгүй, халдвар хамгааллын дэглэм сахина. Фитнессүүд тогтмол цэвэрлэгээ хийж, төхөөрөмжүүдийг ариутгах хэрэгтэй.
Монгол Улсын Засгийн газар, УОК-ын шийдвэрээр тамирчид PCR шинжилгээ өгч, заалны 50 хувийн дүүргэлттэй тэмцээн уралдаан явуулж болно. Кино үзвэрийн танхимууд нэг суудлын зайтай үзэгчдийг суулгах гэхдээ гэр бүлээрээ, хоёул гурвуулаа явж байгаа тохиолдолд зохицуулж болно. Мөн заалны 50 хувийн дүүргэлттэй, тасалбарыг цахимаар борлуулна. Тусгай шилний хувьд байнга ариутгал хийнэ. Театр, чуулга, музей мөн цахимаар тасалбараа борлуулна. Лам сүсэгтэн олон хоёр метрийн зайтай, буян өргөлийг бэлнээр бус цахимаар хийнэ. Үйлдвэрлэлийн дадлагын тоног төхөөрөмжийг хоорондоо ариутгаж, дамжуулна. Мөн сурагчид хоорондоо хоёр метрийн зайтай сууна. Аж ахуй нэгж, иргэд энэхүү мэдээллийг e-mongolia.mn сайтаас авах боломжтой.