Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй 8-9 хүн байна. Эдгээрийн нэг бол УИХ-ын гишүүн Л.Болд. МоАН фракцын төлөөлөл болох тэрээр АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй гэдгээ намынхаа нөхдөд хэлсэн байна. Саяхан болсон УИХ дахь АН-ын бүлгийн өргөтгөсөн хуралдаан дээр гишүүн Л.Болд үг хэлэхдээ энэ санаагаа намын нөхдөдөө уламжилжээ.
Л.Болдын хувьд Ардчилсан намын анхдагчдын нэг. Энэ утгаараа өөрт нь ийм эрх байгаа гэж үзсэн байна. Батлан хамгаалахын сайд, Гадаад хэргийн сайд зэрэг албан тушаал хашиж байсан. Мөн УИХ-ын гишүүнээр удаа дараа сонгогдоод байгаа учраас өөрийгөө Ерөнхийлөгчид хүчтэй өрсөлдөгч гэж харсан бололтой. Мөн намаасаа Ерөнхийлөгчид өрсөлдөх эрх авах боломжтой гэж харсан нэг шалтгаан нь МоАН фракц юм. Тус фракцын хувьд АН дотор хамгийн их хүрээгээ тэлсэн фракцын нэг. Намын даргын сонгуулийн өмнө Нэг ардчилал клубтэй гар барилцсан. Тус фракцын тэргүүн нь Г.Батхүү. Мөн намдаа нөлөө бүхий улс төрчид болох Ц.Оюунгэрэл, Л.Гантөмөр, А.Ганбаатар, Д.Түвдэндорж, А.Бакей, М.Батчимэг гэх мэт улс төрчдийн нэгтгээд байгаа билээ. Үүн дээр нэмээд Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар ч энэ л фракцын дээвэр дор зогсох болсон гэгдээд байгаа. Иймээс л МоАН ардчилсан нам дотор хүчтэй. Удахгүй бүрдэх тус намын Үндэсний бодлогын хорооны 388 гишүүний дийлэнхийг тус фракц бүрдүүлж намын даргадаа шахалт үзүүлэх сонирхол ч бас байгаа нь гарцаагүй юм. Ийм ч учраас УИХ-ын гишүүн Л.Болд өөрийгөө Ерөнхийлөгчид дэвшүүлэх санаархлаа ил илэрхийлсэн байж болох талтай.