Нэр бүхий шүүгч нарын бичлэг ил болов. Энэхүү бичлэгт гарч буй дүрс, үйлдэл бүхэн нь хувь хүний эрх хэдий ч нөгөө талаас нь харж бас хүлээн авах хэсэг байна. Тэр дундаа шүүгч нарын ёс зүйн асуудлыг хөндөж буй.
Уг нь хуулиндаа шүүгч шүүгчээсээ хараат бус байх тухай ойлголт байдаг. Монголын шүүх засаглал хэнээс ч хараат бус ажиллаж, хаана ч хэний ч нөлөөнд автахгүй байх үүрэгтэй. Мөн нөгөө талдаа шүүгч өндөр ёс зүйн хэм хэмжээг өөртөө тогтоосон нэгэн байх ёстой.
Гэтэл нэр бүхий шүүгч нар хууль дүрэм журмыг үл тоож, хорио цээрийн дэглэм тогтоосон байхад олуулаа нэг дор цугларч, бөөгнөрөл үүсгэсэн байх юм. Мөн архидан согтуурсан гэх хардалтыг бий болгохоор бичлэг гарч ирэв.
Найз нөхөд, хамт олон нийлж наргиж цэнгэх нь байдаг л үзэгдэл. Үүнд эмзэглэх зүйл байхгүй. Харин нөгөө талдаа дээрх нэр бүхий шүүгч нар нь нийгэмд үзүүлэх нөлөөлөл ихтэй. Тэр дундаа гэмт хэргийг хараат бус шүүх ёстой шүүгч нар байтал хоорондоо нөхөрлөж, бас найзархаж, мөн зүй бус авир гаргасан байж болзошгүй байна гэх бухимдал бичлэг үзсэн хүмүүст төрөв.
Өчигдөр лифт дотор гарсан бичлэг дээрх үйл явдлаас улбаалан хүмүүс хамгийн их бухимдах шиг боллоо. Иймээс дээрх үйл явдлын бичлэгийг үзсэн хүмүүсийн ундуйцаж буй нэг зүйл нь шүүгч нарыг нэн даруй ёс зүйн хариуцлага хүлээлгэх тухай юм.
Өнөөдрийн байдлаар нэр бүхий шүүгч нар нь ажлаа хийгээд л явж байна. Хэрэг дээр ажиллаж байна гэсэн үг. Гэтэл нийгмийн сүлжээнд өнөөх чухал царай гаргаж, айхтар дүр эсгэн шүүх хурал даргалж, учирлаж тайлбарлаад байхад хувь хүнд уршигтай шийдвэр гаргаж байсан шүүгчийн царай өнөөх шоудсан бичлэг дээрх залуугийн царай хоёр тэс ондоо байна хэмээн бичсэн байх юм. Энэ бүхнээс л харахад шүүгч гэх нэр зүүчихээд албан тушаалынхаа эзэн болж чадахгүй байгаа нэр бүхий хүмүүстэй ёс зүйн хариуцлага хүлээлгэх нь зөв юм.