Ж.Эрдэнэбатыг цагдан хорих шийдвэрийг өөрчлөх хүсэлтийг шүүх хүлээн авсангүй

Ж.Эрдэнэбатыг цагдан хорих шийдвэрийг өөрчлөх хүсэлтийг шүүх хүлээн авсангүй

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өмгөөлөгч Д.Батсүх, Б.Баясгалан, Г.Оюунцэцэг нараас “Шүүгдэгч Ж.Эрдэнэбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай” хүсэлт ирүүлжээ. Уг хүсэлтийг шүүх хянаад хүлээн авахаас татгалзсан байна. 
Учир нь, Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас шүүгдэгч Ж.Эрдэнэбат нарын таван хүнд холбогдох хэргийг шүүгдэгчид болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлоор хэргийг хянан хэлэлцээд 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр 43 дугаартай тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Түвшинжаргал нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Өөрөөр хэлбэл Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 43 дугаартай тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтад “...Хэргийн прокурорт очтол шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Түвшинжаргал нарт урьд авсан цагдан хорих, шүүгдэгч Д.Ганбат, С.Мандахбат нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй...” гэх заалтыг анхан шатны шүүх үгүйсгэх, өөрчлөх, хүчингүй болгох хууль эрх зүйн боломжгүй юм.

Иймд шүүхээс өмгөөлөгч Д.Батсүх, Б.Баясгалан, Г.Оюунцэцэг нараас гаргасан шүүгдэгч Ж.Эрдэнэбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ. Уг захирамжийг эс зөвшөөрвөл тус шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргах эрхтэй байна.