Гадаад харилцааны яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Нутаг буцах хүсэлт гаргасан иргэдийг яаралтай татан авах зорилт тавин ажиллаж байна. Гадаадаас ирсэн иргэдийн тусгаарлах хоногийг багасгах, нислэгийн давтамжийн нэмэгдүүлэх, нислэгийн хуваарийг эрт зарлах, тийзний үнийг бууруулах саналыг Гадаад харилцааны яамны зүгээс УОК-т танилцуулж, тодорхой үр дүнд хүрч байна. Шадар сайдын тушаалаар энэ сарын 19-нөөс эхлэн эх орондоо ирсэн иргэдийн 10 хоног тусгаарлаж, дараагийн дөрөв хоногт нь гэрийн ажиглалтад байлгаж байгаа. Одоогийн байдлаар 9113 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан. Эдгээр иргэдийг тавдугаар сарын 1 гэхэд авч ирсэн байхаар төлөвлөж байна.
Цаашид агаарын хилийг шат дараатай нээх, тогтмол хуваарьтай нислэг үйлдэх, гадаадын агаарын тээвэрлэгчийн нислэгийг сэргээх яриа хэлэлцээ хийж байгаа. Энэ хүрээнд эхний ээлжинд гуравдугаар сарын сүүлээр БНСУ-ын агаарын тээвэрлэгчийг хүлээж авахаар төлөвлөж байгаа.
Маргааш Сөүл-Улаанбаатарын нислэгээр ОХУ-д үйлдвэрлэсэн "Спутник V" вакцины эхний ээлж ирнэ" гэлээ.