Коронавирусийн халдварын эсрэг ОХУ-ын Спутник-V вакцины 10 мянган хүн тун вакциныг маргааш хүлээн авна хэмээн Эрүүл мэндийн яамны ахлах шинжээч Д.Нарангэрэл мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар манай улс Энэтхэг улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар тус улсад үйлдвэрлэсэн АстраЗенека вакцины 150 мянган хүн тун вакцин, БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 300 мянган хүн тун вакциныг тус тус хүлээн аваад байгаа билээ.
ДЭМБ-аас ОХУ, БНХАУ-ын вакциныг дархлаажуулалтад ашиглах зөвшөөрөл олгоогүй байгаа юм. Манай улсын хувьд тухай вакцинд зөвшөөрөл олгох хүртэл хадгалалтын горимд байлгана.
Улс орон даяар дархлаажуулалт энэ сарын 23-нд эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар эхний долоо хоногт 16 байгууллагын 14092 хүнд вакцин хийхээр Эрүүл мэндийн яамнаас төлөвлөж байгаа аж.
Тэгвэл өнөөдрийн байдлаар нийт 4926 буюу 35 хувь нь вакцинд хамрагджээ. Эдгээр хүмүүс нь коронавирусийн халдварын голомтод ажиллаж буй эмч, сувилагч нар юм.