108 цагийн тасаа 12 цагийн тас гэж гишүүн Д.Гантулга мэлзэв

108 цагийн тасаа 12 цагийн тас гэж гишүүн Д.Гантулга мэлзэв

УИХ-ын намрын чуулганы хуралдааныг хамгийн их тасалсан гишүүний нэг бол Д.Гантулга. Хэнтий аймгаас сонгогдсон. Хамгийн залуу гишүүний хувьд ажлаа тасалсан шалтгаанаа хоёр янзаар тайлбарлаж байна. Нэгдүгээр чуулганы хуралдаан болж байхад гадуур судалгааны ажил хийгээд явдаг гэнэ. Иргэдтэй уулздаг. Судлаач, эрдэмтэнтэй уулзаж, хууль тогтоох байгууллагад ашиглах санал зөвлөмжийг сонсч явдаг гэсэн тайлбар өглөө. Харин хоёрдугаар тайлбар нь үдээс өмнөх хуралдаанд сууж амжаагүй бол үдээс хойш хуралдах хуралдаандаа суудаг учраас чөлөө авахгүй тасалдаг гэсэн тайлбар өгөв.

 

УИХ-ын гишүүн Д.Гантулгыг намрын чуулганы хуралдааны 166 цагаас  108 цагт нь тасалсан гэж УИХ-ын тамгын газраас гаргасан цаг бүртгэлийн мэдээнд байгаа. Харин эрхэм гишүүний хувьд зөвхөн 12 цаг тасалсан гэж тайлбарлаж суугаа нь даанч харамсалтай. Улс төрч бүр баримтыг үгүйсгэж худал хэлэх арга ухаанд хэтэрхий суралцаад байх шиг. Үүний бас нэг жишээ нь хамгийн залуу гишүүний тайлбар болж байна.

УИХ-ын гишүүн гэдэг хууль тогтоох үүрэгтэй. Хууль тогтоохын тулд иргэд, сонгогчтой уулзах нь гарцаагүй. Тэгэхдээ ажлын бус цагаараа дээрх ажлыг амжуулдаг болохоос чуулган хуралдаж байхад ажлаа таслаад ард олонтойгоо уулзаад бай гэж сонгогч нь сонгоогүй нь лавтай.

 УИХ-ын намрын чуулган нийтдээ 166 цаг хуралдсан. Чуулганы хуралдаанд 140 цаг суугаагүй тасалсан гэсэн бүртгэлээр Б.Наранхүү гишүүн манлайлж байна. Түүний ард залуу гишүүн Д.Гантулга 108 цаг тасалсан. Айргийн гуравт Дархан-Уул аймгаас сонгогдсон, Монгол банкны дэд Ерөнхийлөгч асан Б.Жавхлан гишүүн 103 цаг тасалсан гэдгээр оржээ. Энэ 3 гишүүн ажлаа хийхийг ард олон нь шаардсаар л байгааг ухаараасай билээ.