Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж буй алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх цахим сургалтыг цагдаагийн байгууллагаас зохион байгуулжээ.
Алба хаагчдад хүүхэд хамгааллын тухай хууль тогтоомж, төрөөс баримталж буй бодлого, хамгааллын хариу үйлчилгээний талаар мэдлэг олгох, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах, мэдээлэл солилцох үйл ажиллагаанд суралцах цахим сургалт хоёр хоног үргэлжилсэн байна.
Энэхүү сургалтаар “Цагдаагийн байгууллагаас хэвлэл мэдээллийн байгууллагатай харилцах нь” сэдвээр Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү мэдээлэл хийж зөвлөмж өгчээ.
Мөн “Нутаг дэвсгэрийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хамгаалах”, “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис болон донтох эмгэгээс урьдчилан сэргийлэх, хамгаалах”, “Хүчирхийлэлд өртсөн, эрсдэлт нөхцөл байдалд байгаа хүүхдэд үзүүлж буй үйлчилгээ анхаарах асуудлууд”, “Цахим орчинд хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах”, “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудлууд”, “Насанд хүрээгүй хүмүүсээс үйлдсэн, хохирсон болон гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчил” зэрэг сэдвүүдийн хүрээнд сургагч багш нар мэдээлэл өгч, харилцан санал солилцлоо хэмээн ЦЕГ-аас мэдээллээ.