Монгол банкинд шалгалт оруулахыг улс төрчид шаардах болсон. Энэ хүрээнд хэдэн хэдэн санал гараад байсан юм. Нэг хэсэг нь дотоод шалгалтыг хийх хэрэгтэй гэж үзсэн. Харин нөгөө хэсэг нь Монгол банкны өмнөх удирдлагыг Авлигатай тэмцэх газраар шалгуулах хүсэлтийг гаргаад байгаа юм.
Авлигатай тэмцэх газраар Монгол банкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг шалгуулах гэхээр хүндрэл үүснэ. Түүнийг дэмжих, одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн талынхан тэнд байгаа. Иймээс төдийлөн үр дүнд хүрэхгүй гэсэн тооцоог МАН-ын улс төрчид хийгээд эхэлжээ.
Иймээс 2012-2016 оны Монгол банкны үйл ажиллагааны тайланг хянан шалгах ажлын хэсгийг дотооддоо гаргасан байна. Мөн үүн дээр нь хүч хаяхаар УИХ-ын гишүүд хошуу нэмэрлэж эхэлжээ. Тухайлбал УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан энэхүү санаачлагыг гаргаад байна.
Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд 3 их наяд төгрөгийг хэвлэн тараасан. Энэ мөнгөний үр дүнг ард иргэд үзээгүй. Хэдхэн аж ахуйн нэгж л олз олоод дууссан гэж одоогийн эрх баригч МАН үзэж байгаа юм. Иймээс л үнэ тогтворжуулах хөтөлбөрийн 3 их наяд төгрөгийг үр дүнгүй зарцуулсан албан тушаалтантай хариуцлага тооцох нь зөв гэсэн бодолд Монгол банкны одоогийн удирдлага бат итгэсэн байна.
Мөн Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргалыг шалгах бас нэг шалтгаан бий гэнэ. Энэ нь Ипотекийн 8 хувийн зээл. Уг зээлийн хүрээнд хэрэгжүүлсэн ажил, хийсэн бодлого нь но-той. Тухайлбал ипотекийн зээлийн гэгч байгууллага яг ямар зорилготой вэ? Энэ байгууллага зүгээр л мөнгө угаах юм биш биз гэсэн хардлага улс төрчдөд бий болсон байна. Иймд энэ асуудлыг л шалгах бололтой.