Өнөөдөр улс төрийн ууган хүчин МАН-ын 100 жилийн ой тохиож байна. Яг 100 жилийн өмнө МАН байгуулагдаж, Монгол ардын түр засгийн газар байгуулж, гамингаас Монгол орноо чөлөөлөх, ЗХУ-тай зам мөр нийлэх замыг сонгосон түүхтэй. Алдаа оноотой ч энэ бол түүх. Өнөөдрийн Монгол улсын өнгө төрөх, амь амьдралын эхлэл.
Харин 100 жилийн ойтойгоо золгож буй МАН-ынхан хоорондоо ил бус далд хэмлэлдэж, хэрхэн эрх мэдлийг гартаа атгах тухай хэрсүү агаад ээдрээтэй байдлаар эргэцүүлж сууна. Одоогийн нөхцөлд МАН-ын бүх эрх мэдэл У.Хүрэлсүх гэж хүний гарт буй мэт боловч үнэн хэрэгтээ У.Хүрэлсүх буланд шахагдаж, харин аажим аажмаар эрх мэдлээ зузаатгаж, муур мэт ан хийхээр гэтэж буй улс төрчид МАН дотор олон байна. Тэдний тэргүүн эгнээнд М.Энхболд заларч байна.
2016 оны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, хаан мэт авир гаргаж суусан М.Энхболдын эрх мэдэл 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа ганхаж, сүүлдээ ад шоо үзэгдэж, авлига, албан тушаалын сүлжээний эцэг гэгдэж, бүүр МАНАН бүлэглэлийн толгой улс төрч хэмээн зарлуулж 2018 онд дан дээлтэйгээр асуудлаас салж байлаа. Тэр зөвхөн УИХ-ын гишүүн гэх сэтэр зүүж 2 жил УИХ-ын танхимд суусан нэр зүүгээр өнгөрч байв. 2020 оны УИХ-ын сонгуульд ч нэр дэвших эрх өвөртөлж чадаагүй. Үүнийг улс төрийн хүрээнд нэг алхам ухарч, хоёр алхам урагшлах гэсэн М.Энхболдын нүүдэл гэж харж байлаа.
Хэдэн сарын өмнөөс М.Энхболд амь орж эхэлсэн. Сонгуулиар нам жим, ажин түжин амарч байсан М.Энхболд сонгуулийн дараа ч сэрээгүй билээ. Харин өвлийн хахир цагаар үүрнээсээ гарч ирээд намын байраар эргэлдэж, өөрийн хувийн оффистоо тухалж, үүдээрээ улс төрчдийг эргэлдүүлэх болжээ. М.Энхболдын үүдийг сахиж, уулзах цаг авч уулзсан эрхмүүдийн дотор МАН-ын дарга У.Хүрэлсүхийн нэр явна.
У.Хүрэлсүх М.Энхболд нар бүтэн хагас өдөр, бүтэн шөнөжин хуучилж, хундага харшуулж, хошуу холбож хэдэн хүний хувь тавиланг хэлэлцэж амжсан гэнэ шүү. Гэнэ шүү гэхийн учиг нь хоёр эрхмийн дунд болсон яриа цуурхал хэлбэрээр МАН-ын гишүүдийн дунд тарж буйгаад үүдэлтэй юм. Хамгийн гол нь У.Хүрэлсүхийн зүгээс 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж, ялалт байгуулахыг туйлаас их хүсч байна. Харин М.Энхболдын зүгээс алдсан эрх мэдлээ аажим аажмаар эргүүлэн авах сонирхол нь энэ хоёр хүнийг эвлэлдэх эхлэл болсон. У.Хүрэлсүхийн хувьд 2021 оны 7 дугаар сард Ерөнхийлөгчийн тангараг өргөхгүй л бол өөртөө хураасан дайсан бүртээ хэдэн хэсэг тас татуулах эрсдэлтэй. Иймээс энэ зовлонг туулаад гарсан, өөрийнх нь заавраар тастуулсан М.Энхболдтой гар барьж, өс сануулахгүй өнгөрөхийг илүүд үзжээ. Иймээс ч М.Энхболдтой гар бариад, цаашаа хамт алхах замыг сонгосон байна.
2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүх ялалт байгуулсан нөхцөлд дараагийн намын дарга хэн ч болсон хоёрдугаар хүн буюу МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын суудлыг М.Энхболдын хүн авах боломжтой. Ийм л тохиролцоог хөшигний ард М.Энхболд найруулж сууна.
Н.Энхбаяр тэргүүтэй 10 жилийн настай МАХН нам нь 100 жилийн ойгоо тэмдэглэж буй МАН-тай барьцаж түүх булаалдаж, тэрсэлж байгаад өөртөө ашигтай хувилбарыг хэлэлцүүлээд эхэлчихлээ. МАН-ын зүгээс 2021 оны сонгуульд МАХН-ыг нэр дэвшүүлэхгүй байх бүх хувилбарыг хэлэлцэж байна. Д.Амарбаясгалан толгойлж МАХН-ын удирдлагатай удаа дараа уулзаж, хэлэлцсэн ч тусыг эс олсон гэдэг мэдээлэл чих дэлсэв. Н.Энхбаярын зүгээс эхний ээлжинд Сонгинохайрхан дүүрэгт Э.Батшугарыг нэр дэвшүүлж ялалт байгуулах санал тавьж байсан ч гар бариад бугай барих зарчмаар хувилбараа өөрчилсөн гэнэ. Н.Энхбаярын зүгээс Сонгинохайрхан дүүрэгт болох нөхөн сонгуульд Э.Батшугарыг нэр дэвшүүлэх, мөн Засгийн газарт 2 сайд, 3 дэд сайд авах, үүнээс гадна Н.Энхбаяр болон нэмээд 2 ч хүнийг элчин сайд болгох тухай болзол тулгаж эхэлжээ. Нэгэнт байгуулагдсан засгийн газарт 2 сайдын суудал гаргаж өгнө гэдэг МАН-ын хувьд маш хүнд алхам. Иймээс уулзалт гацаж, хэлэлцээр хийх шинэ ажлын хэсэг байгуулж байгаад дахиад зүтгэхээр МАН бэлтгэлээ базааж эхэлжээ.
У.Хүрэлсүхийн тулд өндөрт мандсан дээрээ өөрийгөө Монгол төрийн түүхэнд нэг мөр тамгалах нь туйлын зорилго нь болоод байна. Нөгөө талдаа 2009 оноос хойш болсон 3 удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан МАН-ын хар түүхийг зогсоож, баатар дүрээр дараагийн ажилдаа очих гэсэн хүсэл нь өрсөлдөгч, өстөнтэйгөө өвөр түрийндээ орох хувилбарыг сонгоход хүргэсэн байна. У.Хүрэлсүх хаана ч хэзээ ч шударга дүр эсгэж чаддаг ч харин хөшигний ард М.Энхболдын гарын үнэсэж, Н.Энхбаярыг тэвэрч чаддаг болжээ. Өмнө нь тэднийг тас татах гэж зүтгэдэг байсан бол харин өнөөдөр зөөлнөөр хатууг идэх гэж аргаддаг болжээ.