AstraZeneca, Pfizer вакцинуудын ганц тун нь 80-аас дээш насныхны өвчлөлийг 80 хувиар бууруулжээ

AstraZeneca, Pfizer вакцинуудын ганц тун нь 80-аас дээш насныхны өвчлөлийг 80 хувиар бууруулжээ

AstraZeneca, Pfizer вакцинуудын ганц тун нь 80-аас дээш настнуудын өвчин хүндэрч, эмнэлэгт хэвтэх эрсдлийг 80 гаруй хувиар бууруулж байгааг PHE (Public Health England) байгууллагаас өчигдөр гаргасан судалгааны үр дүн харуулжээ.

“Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд Их Британи даяар 80-аас дээш настнуудын эрүүл мэнд Covid-19 өвчний улмаас муудаж, эмнэлэгт хэвтэх хувь огцом буурч, нэг оронтой тоогоор илэрхийлэгдэх болсон нь дээрх дүгнэлттэй холбоотой байж магадгүй юм” гэж Их Британийн эрүүл мэндийн сайд Мэтт Ханкок өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна.

Их Британи улс одоогоор коронавирусийн эсрэг вакцины эхний тунг 20 сая гаруй хүнд тариад байгаа. Энэ нь тус улсын хүн амын 30 гаруй хувь юм. Эхний ээлжинд өндөр настнууд вакцинжуулалтад хамрагдаж байгаа.

“Вакцинууд халдвар тархах болон нас барах эрсдлийг бууруулж байгаа нь дээрх баримтаас тод харагдаж байна” гэж PHE байгууллагын дархлаажуулалтын албаны захирал Мэри Рамсай мэдэгджээ.

Тус улсаас анх илэрсэн коронавирусийн мутацлагдсан хувилбарт вакцин хэрхэн нөлөөлж буйг цаашид нарийвчлан судлах шаардлагатайг тэр бас онцолсон юм.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас яаралтай горимд ашиглахыг зөвшөөрсөн вакцинуудын бодит амьдрал дээрх үр дүн туршилтын үеийнхтэйгээ ижил байгаа нь ийнхүү тодорсоор байна.

 

Эх сурвалж: Reuters