УИХ-ын гишүүд AstraZeneca вакциныг 2021 оны 3 дугаар сарын 9 өдрөөс тариулна гэх мэдээлэл зарим хэвлэлээр гарсан билээ. Энэ талаар УИХ-ын тамгын газраас тодруулахад одоогоор тийм мэдээлэл байхгүй. Албан ёсоор энэ тухай яригдаагүй гэдэг тайлбарыг өглөө.
УОК-оос энэ тухай асуухад ямар нэгэн шийдвэр гараагүй. УИХ-ын гишүүд нь вакцин хийлгэх дараалалд тусгайлан ороогүй. Ковид-19-ын эсрэг вакцинжуулах ажил нь өмнө нь батлагдсан дарааллын дагуу явагдана. Нэн тэргүүнд Эрүүл мэндийн салбарын яаралтай тусламж үйлчилгээний 14 мянган эмч, эмнэлгийн ажилтанд хийж буй. Дараа нь Эрүүл мэндийн салбарын бусад 40 мянга орчим эмч, ажилтанд вакцинжуулалт хийгдэнэ. Харин үүний дараа хариу арга хэмжээний баг буюу онцгой байдал, цагдаа, гааль зэрэг байгууллагын албан хаагч нар вакцинжуулах ажил хийгдэнэ. УИХ-ын гишүүд дугаарлалт дайрч, оочер зөрчиж вакцинжуулалт хийлгэх үндэслэл байхгүй гэдэг тайлбар өгөв.
Эрүүл мэндийн яамнаас энэ талаар тодруулахад мөн л УИХ-ын гишүүдийг яаралтай вакцинжуулна гэсэн шийдвэр гараагүй. Өмнө нь баталсан вакцинжуулалтын дараалал хэвээрээ мөрдөгдөж байгаа. Тухайн дараалллын дагуу нэгдүгээрт эрүүл мэндийн салбар, хоёрдугаарт хариу арга хэмжээний баг, гуравдугаар ахмадууд гэсэн дарааллын дагуу л вакцинжуулалт хийгдэнэ гэдэг тайлбарыг өглөө.
Тэгэхээр 2021 оны 3 дугаар сарын 9 өдрөөс УИХ-ын гишүүд вакцинжуулалтанд хамрагдана гэдэг нь худал гэдгийг албаныхан хариулж байна.