Монгол Улс амар амгалан, энх цаг оршиж байгаа орон. Монгол улсын хүн ам өсөх ёстой болохоос хорогдох үндэслэл бага гэж нэг хэсэг нь үзэх байх. Гэтэл тийм биш. Монгол Улсын хүн ам эрүүл мэндээрээ хохирч амь насаа алдаж байна. Үүнтэй зэрэгцээд жилд 400 хүний алтан амь насыг авто зам дээр алдаж байгаа гашуун үнэн бидний өмнө тоо статистикаараа зурайж байна.
Статистик мэдээллээс харахад 2014 онд зөвхөн зам тээврийн ослын улмаас 492 хүн амь насаа алдаж байжээ. Харин 2015 онд энэ тоо бага зэрэг буурч 429 хүн амь насаа алдсан байна. Гэхдээ л жил бүр 400 гаруй хүнийг зам тээврийн ослын улмаас хорвоогийн мөнх бусыг үзэхийг хараад зүгээр суух ёстой гэж үү?
2016 оны статистик мэдээллээс харахад л зам тээврийн ослын улмаас нас барсан хүний тоо мөн л 400-аар хэмжигдэж байна. Ослын улмаас амь насаа алдаж байгаа иргэдийн хувьд ихэнхдээ хурд хэтрүүлсэн, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцож байгаад амь насаа алджээ. Хүний амь насанд хүрсэн зам тээврийн осол гол төлөв орон нутгийн замд гарч байгааг замын цагдаагийн газраас анхааруулж байгаа юм. Зам тээврийн ослын улмаас иргэдийн амь нас эрсдэхээс гадна маш том хохирол амсч байна.
Гэмтэл согог судлалын төвийн эмч
Улсын хэмжээнд 2016 оны эхний 9 сарын байдлаар зам тээврийн осол, хэргийн улмаас 45 хүүхдийн амь нас хохирч, 959 хүүхэд хүнд, хөнгөн гэмтсэн байна. Үүнээс Нийслэлийн хэмжээнд 3 хүүхдийн амь нас хохирч, 785 хүүхэд хүнд, хөнгөн гэмтсэн. Нийслэлд зам тээврийн ослын улмаас гэмтэж, бэртсэн хүүхдүүдийг насны байдлаар нь үзвэл 0-14 насны хүүхдүүд хамгийн их буюу 85,7%-ийг эзлэж байна.
Хүүхэд өртсөн зам тээврийн ослын тоон мэдээллээс үзэхэд нийслэлд явган зорчигч хэлбэрээр, Орон нутгийн замд тээврийн хэрэгслээр зорчиж байх үедээ буюу эцэг эх, асран хамгаалагчтайгаа явж байхдаа осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирсон байна.
2014 он, 2015 онд зам тээврийн ослын улмаас бага насны хүүхэд амиа алдсан статистик мэдээллийг та харж байна.
Зам тээврийн ослоос амь насаа хамгаалах боломж хүн бүрт байгаа. Гагцхүү замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ баримтлахыг замын цагдаагийн газраас анхааруулж байна. Ялангуяа орон нутгийн замд явахдаа хурдаа тохируулах, хамгаалалтын бүсээ хэрэглэх нь амь насаа хамгаалж байгаа алхам юм. Мөн орон нутгийн замд машин нь эвдэрсэн, ямар нэгэн гэмтэл гарсан бол аль болох замаа чөлөөлж зогсох, тийм боломжгүй бол таних тэмдэгийг тавьж урьдчилан сэргийлэх хэрэгтэйг замын цагдаагийн газраас анхаарууллаа. Үүний улмаас олон осол гарч эрдэнэт хүний амь нас эрсдэж байгаа билээ.