Увс аймгаас Улаанбаатар хотод ирсэн нэг иргэнээс Covid-19 илэрсэн талаар өчигдөр /2021.03.02/ мэдээлсэн. Тухайн иргэний ойрын хавьтал болох гэр бүлийн найман хүний шинжилгээний хариу сөрөг гарчээ.
Энэ талаар тус аймгийн Онцгой комиссоос тодруулахад “Улаангом сум, 3 дугаар баг, Нисэхийн 60 айл байранд гэр тусгаарлалтад орсон найман иргэний PCR шинжилгээний хариу сөрөг гарсан. Халдвар авсан иргэн Улаанбаатар хотод тусгаарлалтад байгаа. Улаанбаатар хот руу Малчин суманд тусгаарлалтад байгаа 100 хүн, Улаангом сумын 13 хүний шинжилгээ явуулсан, хариуг нь хүлээж байна” гэв.
Батлагдсан тохиолдлын хавьтлын тандалт шинжилгээг хийхтэй холбогдуулан Улаангом, Малчин, Наранбулаг, Зүүнговь сумдаас гарах автомашин болон иргэдийн хөдөлгөөнийг гуравдугаар сарын 3-ны 23.00 цаг хүртэл хугацаанд хязгаарласан. Мөн эдгээр дөрвөн сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хичээл сургалтын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон гэдгийг аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээлсэн.
Энэ талаар аймгийн Засаг дарга Ч.Чимэд өчигдөр мэдээлэхдээ "Тухайн иргэн хоёрдугаар сарын 24-нд Улаанбаатар хотод очиж, тэндээ 25, 26-ны өдрүүдэд буяны ажилд оролцсон. Тэгээд энэ сарын 27-нд PCR шинжилгээ өгч, Улаангом суманд ирэхээр төлөвлөсөн боловч шинжилгээний хариу нь эерэг гарсан. Тиймээс Улаанбаатараас аймгийн Онцгой комисст мэдэгдсэний дагуу бид хариу арга хэмжээ авч, сэрэмжлүүлэх үүднээс тухайн иргэний хавьтал болсон иргэдээс шинжилгээ авах шаардлага гарч байна” гэсэн юм.