Энэ оны хоёрдугаар сарын 19-26-ны хугацаанд улсын хэмжээнд 28147 зөрчлийн хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.1 дахин, үүнээс Нийслэлд 4.1 дахин, орон нутагт 75.8 хувиар тус тус өссөн дүнтэй байна.
Зөрчлийн хэргийн 98.62 хувийг Цагдаагийн байгууллага, 0.17 хувийг Мэргэжлийн хяналт, 0.08 хувийг Онцгой байдал, 1.12 хувийг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд шалган шийдвэрлэжээ.
Дээрх хугацаанд нийт 27168 хүн Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгүүлсэн нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.4 дахин, 23 хуулийн этгээд шийтгүүлсэн нь 53.3 хувиар тус тус өссөн.
Бүх төрлийн зөрчлийн гаралт өмнөх долоо хоногоосоо өссөн үзүүлэлттэй байна. Тухайлбал, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 3 дахин өссөнөөс гадна Оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 1.7 дахин, Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 85.6 хувиар, Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах зөрчил 74 хувиар, Танхайрах зөрчил 49.2 хувиар, Хулгайлах зөрчил 25 хувиар, Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 19.7 хувиар, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 15.5 хувиар, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 9.1 хувиар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 6.8 хувиар өссөн байна.
Улсын хэмжээнд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 22379 гарч үүний 64.9 хувь нь Нийслэлд үйлдэгдсэн байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил Нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол дүүрэгт, орон нутагт Сүхбаатар, Баянхонгор, Өвөрхангай, Хөвсгөл, Булган аймгуудад хамгийн олон үйлдэгдсэн бол Нийслэлд үйлдэгдсэн Хүүхдийн эрхийг зөрчих зөрчлийн 68 хувийг Баянзүрх дүүрэгт үйлдэгдсэн зөрчил дангаараа эзэлж байна.
Эх сурвалж: Монгол улсын ерөнхий прокурорын газар