Хот хооронд зорчих хөдөлгөөнийг гуравдугаар сарын 1-нээс нээсэнтэй холбоотойгоор ердийн горим алдагдаж эхэлсэн. Иймд Нийслэлийн онцгой комиссоос шинжилгээний цэгүүдийн сорьц авах шугамыг гурав дахин нэмэгдүүлээд байна. Шинжилгээ авах цэгүүдэд ямар зохицуулалт хийж буй талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас өнөөдөр /2021.03.03/ мэдээлэл хийлээ.
Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэдээлснээр төвийн 22 цэгээр 14168 иргэнд үйлчлэх нөөц боломжтой. Гэвч иргэд урьдчилан цаг авч үйлчлүүлэхгүй байгаа нь ачааллыг нэмэгдүүлжээ. Тиймээс шинжилгээ өгөхдөө цаг авч үйлчлүүлэхийг анхааруулсан. Өөрөөр хэлбэл, шинжилгээ өгөхөөс өмнө урьдчилан цаг авч, хуваарийн дагуу үйлчлүүлбэл дугаарлах асуудал үүсэхгүй гэдгийг тус газрынхан онцолсон.
"ХОНОГТ 6000 СОРЬЦОД ШИНЖИЛГЭЭ ХИЙХ БОЛОМЖТОЙ"
НЭМГ-ын дарга Д.БЯМБАДОРЖ:
-Covid-19 халдварын цар тахлыг хумих, халдварыг илрүүлэхээр “нэг хаалга-нэг шинжилгээ”-г зохион байгуулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжээд байна. Нийслэлийн таван дүүрэг бүрт PCR лаборатори ажиллаж, хоногт 6000 сорьц шинжлэх боломжтой. Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг нээсэнтэй холбогдуулан бид шинжилгээний төвүүдийн ачааллыг тэнцвэржүүлэхэд зарим зохицуулалт хийж байна. Тухайлбал, хот хоорондын нийтийн тээврийн 250 автобусаар нийслэлээс дунджаар 10 мянган хүн орон нутагт зорчих тооцоо байна. Мөн хувийн тээврийн хэрэгсэлтэй иргэд болон нэмэлт үйлчилгээг тооцож шинжилгээний цэгүүдээр хоногт 141468 сорьц авахаар зохицуулалт хийсэн. Нийтийн тээврийн тоонд зохицуулж нэмэлтээр шинжилгээний цэгүүдийг ажиллуулж байна. Бид шинжилгээ авах багуудын тоог гурав дахин нэмэгдүүлж байгаа нь ачааллыг тэнцвэржүүлэх зохицуулалт хийсэн гэсэн үг. Төлөвлөгөөний дагуу өдөр бүр зохицуулалт хийж ажиллаж байна.
Нийслэлийн хэмжээнд 7000 гаруй эмч эмнэлгийн ажилтнууд өндөржүүлсэн бэлэн байдлын үед ажиллаж байна. Үүнээс 400 орчим нь шинжилгээний цэгүүдэд хуваарилагдан ажиллаж байгаа аж. Хэрэв иргэд эрүүл гэрэгэ.мн сайтаар цаг авч үйлчлүүлбэл урт дараалалд зогсох, цэгүүдийн ачаалал нэмэгдэх асуудал үүсэхгүй байх боломжтой гэдгийг мэргэжилтнүүд сануулав.