Монгол улсын засгийн газраас Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдахаар болсон билээ. Энэ хүрээнд 7 төрлийн татварын нэмэгдэл яригдаж байгаа. Үүнийг нь нийгэм тэр чигтээ эсэргүүцэх нь гарцаагүй. Учир нь аж ахуйн нэгж нь амиа тээж үлдэх гэж зүдэрч байна. Аль болох л хэмнэлтийн горимд шилжиж тэсч үлдэхийн тулд аж ахуйн нэгж бүр алдагдлаа аргацаасан байдалтай сүүлийн 2 жилийг өнгөрүүлж байгаа билээ.
Төр засгаас аж ахуйн нэгжээ дэмжихийн оронд харин татвараар дарамтлахаар шийдээд байна. Тухайлбал аж ахуйн нэгж бүр нийгмийн даатгалын шимтгэлд нэрвэгдэнэ. Ийм нөхцөлд аж ахуйн нэгжүүд ажлын байрны цомхтгол хийх магадлалтай. 10 ажилтантай компани 2 хүнийг ажлаас чөлөөлж хэмнэсэн мөнгөөрөө нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд явж мэднэ. Ийм л эрсдэлийг төр аж ахуйн нэгжид үүрүүлэх гэж байна.
Хүн амын орлогын албан татвар нэмэгдэнэ. Хэдхэн төгрөгийн цалингаа хүргэх гэж зүдэрч байгаа иргэдээсээ дахиад л татвар суутгана. Энэ нь өнөөдөр байх ёстой алхам лав биш. Хэн ч гэсэн авч байгаа цалингаасаа 50 мянган төгрөгийг суутгахын хүсэхгүй. Өнөөдөр яригдаж байгаа Хүн амын орлогын албан татварын нэмэгдэл нь сарын цалин нь 800 мянган төгрөг бол 47 мянган төгрөгийг нь татварт авчихна гэсэн үг. Та одоо гар дээрээ 712 мянган төгрөг авдаг бол Хүн амын орлогын албан татвар нэмэгдсэнээр шууд 47 мянган төгрөг хасагдана. Ингээд л таны сарын орлого 712 биш 660 мянган төгрөг болох юм. Ийм нөхцөлд иргэдийн маш хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч болзошгүй. Тиймээс энэ асуудлыг УИХ-аар ярихад нь гишүүд маш сайн бодож шийдэх ёстой гэсэн байр суурийг зарим гишүүн илэрхийлж байна. Тухайлбал Ц.Даваасүрэн гишүүний хувьд хямралтай энэ цаг үед иргэдийн халаасыг тэмтэрч төр асуудлаа шийдэх нь буруу. Төр хэмнэлт хиймээр байвал өөрсдийнхөө үр ашиггүй зардлыг бууруулах ёстой гэж үзэж байна.